Жон Керри: Иерусалимд ажиглалт хийхийг зөвшөөрлөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРИЕРУСАЛИМ. /CNN/. Маргаан гараад буй Иерусалимын ариун газарт 24 цагийн ажиглалт хийхийг Израилийн Ерөнхий сайд зөвшөөрсөн нь бүс нутгийн сөргөлдөөнийг багасгах том өөрчлөлт дагуулах магадлалтай хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри үзэж байна.
“Байнгын ажиглалт нь байдлыг дэлгэрэнгүй, ил тодоор дэлгээд зогсохгүй ариун газрын халдашгүй дархан байдалд халдах гэсэн хэнд ч анхааруулга болно” гэсэн байна.
“Зэвсэгт хүчирхийлэлд цэг тавихын тулд бид хамтран зүтгэх хэрэгтэй. Үг болон үйлдлээ цэнэж, өдөөн хатгалгаас зайлсхийх нь чухлыг ойлгож ажилламаар байна. Урагшлах цорын ганц арга зам нь тайван байдлын төлөө хамтарсан ажиллагаа юм” хэмээн Керри нэмж хэлжээ.
Израилийн найман иргэн палестинчуудын гарт амиа алдсаныг Палестины удирдагч Махмуд Аббасын зүгээс хүчирхийлэлд өдөөн хатгасан нэг хэлбэр хэмээн Ерөнхий сайд Беньяамин Нетаньяху сэжиглэж байгаа билээ. Нөгөө талаас Израилийн аюулгүйн хүчин Баруун эрэг, Иерусалим, Газын зурваст наад зах нь 45 палестин иргэнийг хороож, 1850 иргэн шархдуулсан хэмээн Палестины Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн юм.
Х.Аминаа