Шинэ эмийн ачаар ХДХВ-тэй өвчтний амьдрах хугацаа эрүүл хүнийхтэй ойролцоо болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sarnai@montsame.mn
2017-05-11 13:26:20
НЬЮ-ЙОРК./BBC/. “The Lancet” анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанд эмчилгээний чанар сайжирсан учир ХДХВ /Хүний дархлал хомсдлын вирус/-тэй залуу өвчтнүүдийн амьдрах хугацаа эрүүл хүнийхтэй ойролцоо болсныг дурджээ.
 
2010 онд Ретровирус /РНХ вирусын нэг төрөл/-ын эсрэг үр нөлөөтэй эмчилгээнд хамрагдсан 20 настай залуус 1996 онд анх удаа эмчилгээнд хамрагдаж байсан хүмүүсээс 10 жилээр илүү насалж байгааг олж тогтоосон байна.
 
Эрүүл, урт удаан амьдрахын тулд эмчилгээг эрт хийж эхлэх нь чухал гэж эмч нар зөвлөж байгаа боловч уг вирусыг тээж яваагаа мэдэхгүй маш олон хүн бий гэж тусламжийн байгууллагууд үзэж байгаа юм.
 
Судалгааг хийсэн Бристолын Их сургуулийн судлаачид "ХДХВ-ын эмчилгээнд гарсан онцгой амжилт нь уг вирус хүний биед олшрохоос илүү сайн сэргийлж чаддаг, гаж нөлөө багатай шинэ эмүүдтэй холбоотой" гэж ярьж байна. Учир нь, хамгийн сүүлд гарсан эмүүдийн эсрэг уг вирусийн эсэргүүцэл үзүүлэх боломж улам хумигдсаар байгаа ажээ.  

Илрүүлэх, урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүд болон илүү чанартай эмчилгээ нь халдвартай хүмүүс урт наслахад нөлөөлсөн байна. Гэсэн хэдий ч ХДХВ вирусийн халдвартай олон хүн, ялангуяа мансууруулах бодисыг судсаараа тарьж байгаад халдвар авсан хүмүүсийн наслах хугацаа санасан хэмжээнд хүрэхгүй байгаа юм. 
 
Ретровирусын эсрэг эмчилгээнд 3 болон түүнээс дээш тооны бэлдмэл ордог бөгөөд тэдгээр нь ХДХВ-ын хэвийн үржлийг дарангуйлдаг байна. Энэ нь эрүүл мэндийн салбарт өнгөрсөн 40 жилийн хугацаанд гарсан хамгийн том амжилтын нэг юм. 
Х.Сарнай 


 


 


 
Холбоотой мэдээ