Нийгмийн даатгалын салбарын эрхзүйн орчныг багцаар нь шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-12 16:55:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХЯ-наас "Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулав.

Нийгмийн даатгалын тогтолцоо, ялангуяа тэтгэврийн тогтолцоог шинэчлэх асуудлыг олон жил ярьсан ч өнөөг хүртэл эхлүүлээгүй байгаа юм. Иймд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Төрөөс хүн амын хөгжил, тэтгэврийн шинэчлэл, малчдын талаар баримтлах бодлогууд,  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн найруулах ажлыг ХНХЯ хийж байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийн эхний хувилбарт  бусад салбарын хуулиар зохицуулж харилцааг зохицуулах, хамрах хүрээг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын мэдээллийн сан, тогтолцоог сайжруулах асуудлыг тусгажээ. Мөн нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах, шимтгэл төлөх журам,  шимтгэл төлөгчид үзүүлэх үйлчилгээ, нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага зэрэг олон асуудлыг тусгасан байна.

Хэлэлцүүлэгт ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, дэд сайд С.Мөнгөнчимэг, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, газрын дарга нар болон харьяа байгууллагуудын нийгмийн даатгалын шат шатны удирдлага, мэргэжилтнүүд оролцож байна. Мөн УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, зарим яамдын төлөөлөл, МҮЭХ, МҮХАҮТ, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл тус тус оролцож байгаа юм.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ