Шалган нэвтрүүлэх ажиллагаанд гэрээт цэрэг үүрэг гүйцэтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-05-13 19:36:16
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын хилийн хамгийн том боомт хот Дорноговь аймгийн  Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх хэсэг дээр гэрээт цэргүүд үүрэг гүйцэтгээд эхэлжээ. Гэрээт цэргүүд Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэнгийн тушаалаар Замын-Үүдийн Хилийн 0108 дугаар ангид алба хааж буй.
Тэд улсын хил хамгаалах, боомтын аюулгүй байдлыг хангах, боомт газар дээр мөрдөх журмыг хэрэгжүүлэх, тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж буй. Хэдэн жилийн өмнөөс Монгол Улс хил хамгаалах байгууллагадаа гэрээт хилчний албыг нэвтрүүлж эхэлсэн байдаг.
Өмнө нь хугацаат цэргийн албанд алба хаагаад үзчихсэн, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн бүхий байнгын бэлтгэлтэй залуусыг гэрээт хилчний үүрэг гүйцэтгүүлэх болсон нь хил хамгаалах албыг оновчтой зохион байгуулахад чухал үүрэгтэйгээс гадна  аливаа онцгой үед мэргэжлийн ур чадвар гаргаж ажиллах бэлтгэл сайтай байдаг аж.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ