Сурагчдын "Хонхны баяр"-ыг "Эрдмийн баяр" болгох захирамж гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-05-14 00:37:06
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Сургууль төгсөлт болж байгаатай холбогдуулан сурагчдаас хонхны баярын мөнгө татах явдал их гарч байгаа талаар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд эцэг эхчүүдээс гомдол ирүүлдэг. Энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд аймгийн Засаг даргын 2017 оны 206 дугаар захирамжаар бүх шатны боловсролын байгууллагын 2016-2017 оны хичээлийн жилийн төгсөлтийн баярыг “Эрдмийн баяр” болгон тэмдэглэх шийдвэр гаргалаа.
Тухайлбал хичээлийн жилийн ажлаа дүгнэх, тайлагнах, үйл ажиллагаагаа сурталчлах, төгсөгчдөд боловсролын баримт, бичиг гардуулах, шилдэг багш, төгсөгчдийг урамшуулах, урлаг, спортын тоглолт зохиох зэргээр ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа явуулах чиглэлийг БСУГ-ын газар, сургуулийн удирдлагуудад өгчээ. 
Түүнчлэн “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэх нэрээр төгсөгчдөөс хуульд заагаагүй төлбөр, хураамж авч төгсөгчид, эцэг, эх, асран хамгаалагчдад дарамт, хүндрэл учруулах, хөдөө хээр, амралт, зуслан, голын сав газар, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах, архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон. “Эрдмийн баяр”-ыг угтан 2017 оны 5 дугаар сарын 15-ны дотор бүх шатны боловсролын байгууллага төгсөгчдийн нэрэмжит дурсгалын ногоон төгөл байгуулах, мод тарих хөдөлгөөнийг өрнүүлэх юм.
“Эрдмийн баяр”-ыг аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар ангийн сурагчдын хүрээнд 2017 оны 5 дугаар сарын 26-ны дотор, ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар ангиуд болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв 2017 оны 6 дугаарсарын 9-ний өдөр  тэмдэглэн өнгөрүүлнэ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ