Шуурганд уруудсан 4000 гаруй малыг хилчид тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-05-15 10:51:28
Дорнод /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-11-ны хооронд Дорнод аймгийн нутгаар цасан болон шороон шуурга шуурч, салхины хурд ширүүсэх үеэр бог, бод нийлсэн 4316 толгой мал улсын хилд тулсныг хилчид тогтоон барьжээ.
Тодруулбал, хилийн 0132-р ангийн Цагааннуур, Хар нуур, Доргоно, Тарган-Ухаагийн заставын хариуцсан хэсгээр улсын хилээс 50-80 км-т нутагладаг Чулуунхороот, Чойбалсан сумын 32 малчны 3360 гаруй тооны адуу, 1 тэмээ, 355 толгой үхэр, 200 гаруй бог нийт 4316 тооны мал шуурганд уруудсан байна.
Хилчид цаг агаарын хүнд нөхцөлд ийнхүү шуурхай ажиллаж чадсанаар ард иргэдэд учирч болзошгүй 3.1 тэрбум төгрөгөөс урьдчилан сэргийлсэн гэж хилийн 0132-р ангиас мэдээллээ.
Дашрамд дуулгахад, тус отрядын хилчид өнгөрсөн сарын сүүлээр шуурганд уруудсан 2 мянган тооны адууг хил давахаас нь өмнө тогтоож байсан юм. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ