Төрийн албаны хуулийг шинэчлэн найруулах бус нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-17 17:29:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсан найруулгын төслийн талаар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөл /ТАЗ/, Хуульчдын холбооны төлөөлөл, УИХ дахь АН, МАН-ын бүлгийн гишүүд болон бусад албаныхан оролцов. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад Монгол Улсын Үндсэн Хууль болон бусад хуультай зөрчилдөж буй заалтууд нэлээд байгаа төдийгүй ТАЗ-ийн хараат бус байдалд нөлөөлөх Засгийн газраас төрийн албаны томилгоо, сонгон шалгаруулалтад дам болон шууд нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэхээр зүйл заалтууд олон байгааг эргэж харж, Мэргэжлийн байгууллага хүмүүсийн саналыг тусган өөрчлөн найруулах, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийх шаардлагатай гэж үзсэн учир энэхүү хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Мөн хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн 46.2 дахь хэсэгт заасан  Монгол Улсын Төрийн жинхэнэ албан хаагч гэсэн агуулга томъёоллыг  орхигдуулсан, журам дүрмээр зохицуулах боломжтой олон зүйлийг хэт хавтгайруулан тусгасан, Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг Засгийн газрын мэдэлд /ЗГХЭГ/  шилжүүлэн төвлөрүүлэхээр заасан байгаа нь Төрийн албаны зөвлөл, төрийн алба хаагчийн хараат бус тогтвортой ажиллах нөхцөлд сөргөөр нөлөөлөхөөр байна гэж дүгнээд байгаа юм.


Хэлэлцүүлгийн явцад  хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаархи оролцогчид байр сууриа илэрхийлж байв. Тухайлбал УИХ-ын гишүүн асан, Төрийн албаны зөвлөлийн гишүүн асан С.Батмөнх "Үндсэн хуулийн өөрчлөлтөөсөө өмнө Төрийн албаны тухай хуулийг батлах гэж байгаа нь ойлгомжгүй байна. Харин Ерөнхийлөгчийн өргөн бариад байгаа Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь одоогийн хэрэгжиж байгаа хуульд байхгүй буюу дутуу зүйлүүдийг нөхөөд оруулчихсан сайн төсөл. Тиймээс эхний удаад энэхүү хуулийг төслийг өөрчлөлтүүдийг хийчихээд, Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа эдгээр хийгдэх гээд байгаа шинэчилсэн найруулгуудаа хийвэл яасан юм бэ" гэв. 



УИХ-ын гишүүн асан академич А.Бакей "Төрийн албаны тухай хуулийг сайжруулах ач холбогдлын хувьд маргаан байхгүй зүйл. Өнөөдөр Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн асуудал бол Монгол Улсын хөгжилд саад болж байгаа гол хүчин зүйл болчихоод байгаа. Хоёрдугаарт, Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг зөрчиж байгаа хэрэгсэл болж хувираад байна. Учир нь төрийн алба маш тогтворгүй, чадамжгүй, мэргэжлийн бус, улстөрждөг алба болсон. Үндсэндээ төрийн алба улстөрчдийн тоглоом болж хувираад байна.Тиймээс энэ асуудлыг маш их ач холбогдол өгч нухацтай хэлэлцэж, батлах ёстой хууль шүү. Миний бодож байгаагаар 2008 онд шинэчлэн найруулж, батлагдсан Төрийн албаны тухай хууль сайн хууль. Гэтэл энэ сайн хууль яагаад хэрэгжихгүй байгаа юм гэхээр төрийн албаны удирдах ажилтнууд, улстөрчид зөрчөөд байгаа юм. Түүнээс жирийн төрийн албан хаагч хууль зөрчиж байгаа зүйл бага. Тиймээс Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга маягаар хууль баталж болохгүй, 2008 онд батлагдсан одоогийн мөрдөж байгаа хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулах маягаар батлах ёстой. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбоотойгоор дэмжиж болохгүй зүйл заалт олон байна. Тухайлбал, сонгон шалгаруулалтыг ЗГХЭГ-т өгөх нь зарчмын хувьд буруу. Харин ч ТАЗ хараат бус байх ёстой" гэлээ. 
ТАЗ-ийн гишүүн асан Н.Чадраабал "Монгол Улсын Төрийн албаны тухай хууль муу хууль биш. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр уг хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлээд байгаа УИХ-ын 12 гишүүний саналыг оруулаад, шийдвэл бодитой болох байх гэж бодож байна" гэж байв. 

Хэлэлцүүлгийн төгсгөлд Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав хэлэлцүүлэгт оролцсон үе үеийн ТАЗ-ийн дарга болон судлаачид, эрдэмтэд, хуульчдын холбоо, мэргэжлийн холбоодын төлөөллүүдийн хэлсэн байр суурийг ажил хэрэг болгохын төлөө ажлын хэсэг хуулийн төсөл санаачлагчидтай  нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ