Г.Майцэцэг: Машин дүүрэн бараа татваргүй л орж ирж байгаа нь үндэсний үйлдвэрлэлийн дархлааг сулруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-05-22 12:54:52
Өвөрхангай /МОНЦАМЭ/ “Уран үйлчин” уралдааныг санаачлан улсын хэмжээнд зохион байгуулж буй “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн, үндэсний брэнд хувцас үйлдвэрлэгч “Эксклюзив ХХК-ийн захирал Г.Майцэцэгтэй уулзаж, цөөн хором хөөрөлдлөө.
- Уралдааны зорилго юу вэ?
-Уг уралдааныг зохион байгуулснаар Монгол Улсын хэмжээнд хөнгөн үйлдвэрийн салбарт хичнээн хүн оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм бэ, тэдний чадвар, чадамж хэр байна вэ, дотоод нөөц боломжид суурилаад ямар төрөлжсөн үйлдвэр байгуулах вэ гэх судалгааг гаргах юм. Хоёрт насаараа оёдлын бүтээл урласан хүмүүс өөрсдийгөө олонд таниулж чадахгүй өнгөрч байгаа нь харамсалтай санагддаг учраас тэднийг бүтээлээр нь алдаршуулж олны танил болгох зорилготой байгаа. “Өвөрхангай аймгийн аварга уран үйлчин тэрний бүтээлээр би гангарч, гоёж байна” гэдэг чинь хэн хэндээ нэр хүндний асуудал шүү дээ. Тиймээс аварга оёдолчдынхоо хийцээр нь Монгол туургатны танил болгож, том зах зээл рүү хөтөлнө.
Гуравт оёдолчдыгоо нэгдсэн зохион байгуулалтанд оруулж төрөлжсөн томоохон үйлдвэрийг байгуулна. Манай улс сүүлийн 20 гаруй жилд хэрэглэгч орон байсаар ирлээ. Үйлдвэрлэгч орон болохын тулд орон нутагт өөрсдийнх нь хэрд таарсан үйлдвэрийг байгуулах ёстой. Хувцас гэдэг байнгын хэрэглээтэй зүйл шүү дээ. Хүн бүр өөрсдийн хийж чадах бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх хэрэгтэй. Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн яагаад үнэтэй байгаа юм, үнийг нь яаж бууруулах вэ гээд бодохоор яалт ч үгүй масс үйлдвэрлэл хэрэгтэй байгаа юм. Масс үйлдвэрлэл бий болгосноор  Монголд дотоодын нийт бүтээгдэхүүн өснө, орон нутагт ажлын байр нэмэгдэнэ, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ нэмэгдэнэ. Хөнгөн үйлдвэр суурь салбар. Том хөрөнгө оруулалт шаардагдаад байдаггүй хэрнээ эргэлт хурдан, ашиг сайтай үйлдвэр бол хөнгөн үйлдвэр юм. Аливаа улсын хөгжил суурь үйлдвэрлэлээс их шалтгаалдаг.
-Та уралдааны үеэр оёдолчдодоо хандаж заавар зөвлөгөөг их хүргэлээ. Оёдлын салбарт сэтгэл дундуур явдаг юмуу даа?
-Өнөөдрийн энэ уралдаанд оролцож байгаа хүмүүс дандаа дээд зэрэглэлийн үйлчилгээ хийдэг хүмүүс. VIP үйлчилгээ буюу биенээс хэмжээ аваад зөвхөн танд зориулж хувцас үйлдвэрлэж өгдөг. Гэтэл хэрэглэгчид маань ойлгодоггүй, үнэтэй байна гэдэг. Цорын ганц удаа урласан тэр бүтээлийг үнэлээд үзэхээр үнэхээр хямдхан. Тансаг зэрэглэлийн бүтээл урлачихаад Эрээний  бараатай өрсөлдөх гээд байна ш дээ. Тэгэхээр бидэнд зах, зээлийн ялгаа, салгааг хэрэглэгчдэдээ мэдүүлж таниулах зайлшгүй шаардлага тулгараад байна.
Төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үед томоохон үйлдвэрүүд хаалгаа хааж тэнд байсан бүх хүмүүс ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн. Гэхдээ цөөн хэдэн хүмүүс ажил мэргэжилдээ үнэнч үлдэж, ганц нэгээрээ орц хонгилд чадах чинээгээр л үйл ажиллагаа явуулж байгаа. Бид энэ тарчихсан хүчийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах хэрэгтэй. Дээр нь бидэнд төрийн хамгаалалт хэрэгтэй байна. 1990-ээд оны үед Эрээнээс орж ирж байгаа цүнхтэй бараанаас татвар авдаг байсан бол одоо УАЗ 469 машин дүүрэн бараа татваргүй л орж ирж байна. Энэ нь үндэсний үйлдвэрлэлийн дархлааг сулруулж байгаа гэсэн үг юм.  Өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй байж гаднаас ирж байгаа бараа бүтээгдэхүүнд татвар тавьчихвал ард түмний нуруун дээр ачаа болно гэсэн эмээлт байдаг байх л даа. Гэхдээ аль ч улсад дотоодын үйлдвэрлэгчээ хамгаалсан бодлого байдаг.
- Шалгарсан оёдолчидтойгоо эргэх холбоотой ажиллах уу?
- Уралдаанд оролцсон бүх хүмүүстэйгээ холбоотой байна. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг нь захиалга өгч борлуулалтыг нь дэмжихийг хэлдэг. Тиймээс “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын томоохон зорилтын нэг нь үйлдвэрлэгч хүн зөвхөн үйлдвэрлэлдээ л анхаардаг байх боломжийг бүрдүүлэхэд оршино.  Манай оёдолчид түүхий эдээ гаднаас оруулж ирээд, өөрсдөө загвараа гаргаад, оёод, хэрэглэглэгчдэд худалдах хүртэл хариуцан  ажиллаж байна. Тийм учраас бид сайн үйлдвэрлэгч байж чадахгүй байгаа. Би өөрөө хөнгөн үйлдвэрийн салбарын хүн болохоор мэддэг чаддаг бүхнээ харамгүй зааж өгнө. Ядахдаа бодволькоо дотооддоо үйлдвэрлэдэг больё. Гаднаас нэг ч бодвольк авахгүй л болчихвол бидний ажлын үр дүн юм.
- Таныг үндэсний брэнд хувцас үйлдвэрлэгч гэдгээр олон нийт андахгүй. Гэхдээ ажил хөдөлмөрийн тань замналыг сайн мэдэхгүй байх?
- Манайх Польш, Хятадад оёдлын үйлдвэртэй байсан. Хүний нутагт юу сурч мэдсэнээ эх орондоо зориулах ёстой гэх үүднээс 2008 онд Монголдоо ирж үйлдвэрлэл явуулж байна. Урд өмнө нь зөвхөн өөрийн Exclusive компанийг бодож явдаг байсан бол одоо Монгол улсад хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийн төлөө том мөрөөдөлтэй явж байна. Хүн өөрийнхөө мэддэг, чаддаг юмыг эх орондоо зориулаад жаахан ч гэсэн хувь нэмэр оруулж явна гэх бодол надад их урам зориг өгдөг.
Энэ уралдааныг зохион байгуулах гэж гурван жил бодсон. Анх хийгдэж байгаа гэдгээрээ алдаа дутагдал байж магадгүй. Гэхдээ оёдолчид, оролцогчид маань сэтгэл өндөр байна, сайхан байнаа.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ