"Дуутай хуруу"-г ЮНЕСКО-д бүртгүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-22 23:37:00
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Эрдэнэцогт, Баян-Овоо сумын ард иргэдийн  дунд үе дамжин уламжлагдаж ирсэн “Дуутай хуруу” хэмээх уламжлалт наадгайг НҮБ-ын “ЮНЕСКО”-ийн соёлын биет бус өвд бүртгүүлэхээр ажлын хэсэг байгуулах тогтоол гаргажээ. Тус тогтоолын хүрээнд ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ард иргэд дуутай хурууны наадгайг энэ сарын 19-ний өдөр зохион байгуулж, олон нийтэд сурталчиллаа.

Эрдэнэцогт сумын ИТХ, ЗДТГ-аас энэхүү үндэсний уламжлалт наадгайг залуу үеийнхэндээ өвлүүлж үлдээх зорилгоор жил бүр дуутай хурууны наадгайг зохион байгуулдаг байна. Дуутай хуруу нь сэтгэн бодох гүйлгээ ухааныг сайжруулах, сонсох мэдрэхүй хөгжүүлэх, хэл яриа уран тод хэллэг, хурц ухаан овсгоо сүйхээнд сургадаг зэрэг олон онцлог давуу талтай. Дуутай хуруу үндэсний уламжлалт наадгайны тэмцээнд тус сумын ахмад буурал, залуучуудын төлөөлөл болсон 40 иргэн оролцжээ. Эрдэнэцогт суманд энэ удаад зохион байгуулагдсан дуутай хурууны наадгайнд Б.Баттулга түрүүлсэн бол өндөр настан Ш.Равжаа удааллаа. 
Дуутай хуруугаар наадахдаа Нүдний хараа хорин хуруунаас гарч буй тоог хараад, маш түргэн хугацаанд тогтоох ёстой байдаг байна. Хоёр тал гаргасан хуруугаа хараад бодоод суух биш маш шуурхай сэтгэн харилцан таалцдагаараа дайчин чанарын мэтгэлцээний тоглоом юм.

Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн соёлын биет бус өвийг хойч үе, хүүхэд залуучууддаа өвлүүлэх, улмаар нийтийн хүртээл болгон түгээн дэлгэрүүлэх үүднээс баталгаажуулан соёлын өвд бүртгүүлэхээр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар томилогдсон ажлын хэсгийхэн ажилдаа ороод байна.

                                                                                                                                                          Б.Мөнхзул
Холбоотой мэдээ