Энэтхэг улсын тусламжаар 2.8 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-10-28 17:26:13

Энэтхэг улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2.8 сая ам.долларын өртөг бүхий сургалтын тоног төхөөрөмжийг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежид нийлүүллээ.

Эдгээр тоног төхөөрөмжийг өнөөдөр албан ёсоор тус коллежид хүлээлгэн өгөв.

Хоёр үе шаттай хэрэгжүүлж буй “Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежийн сургалтын орчинг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд өмнө нь тус сургуульд хэвлэх үйлдвэр, компьютер мэдээллийн технологи, үйлдвэрийн цахилгаанчин, гагнуурчин, мехатроник, электроник гэсэн мэргэжлийн 300 гаруй нэр төрлийн багаж хэрэгсэл, 20 гаруй төрлийн тоног төхөөрөмж нийлүүлж байжээ.

Сургалтын баазыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр сайжруулж, шинэчилснээр оюутнууд ажлын талбарт гарахад хаана ч орчин үеийн тоног төхөөрөмж дээр ажиллах чадвартай боловсон хүчин бэлтгэгдэн гарах боломжтой гэдгийг багш нар энэ үеэр онцлов. Оюутнууд нийт сургалтын хугацааныхаа 70 хувийг эдгээр шинэ тоног төхөөрөмж дээр дадлагажиж онолын мэдлэгээ бататгах юм байна.

Буцалтгүй тусламжаар нийлүүлсэн тоног төхөөрөмжүүдийг Энэтхэг улсаас мэргэжилтнүүд ирж суурилуулж өгч байгаа аж.

Энэтхэг улсын ЭСЯ-ныхан цаашид ч сургалтын орчинг сайжруулахад дэмжиж, төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхэд бэлэн гэдгээ энэ үеэр илэрхийллээ.

Энэхүү ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гош, тус сургуулийн захирал Б.Даваажав болон багш, оюутнууд оролцов.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ