Оюуны жимс яруу найргийн наадамд 35 яруу найрагч өрсөлдөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/ “Явуу-88” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах “Оюуны жимс-2017” яруу найргийн наадмын хоёрдугаар шатанд тэнцсэн яруу найрагчдын нэрс тодорчээ.
“Оюуны жимс-2017” яруу найргийн наадамд Монгол орны өнцөг булан бүрээс 92 яруу найрагч бүтээлээ ирүүлжээ. Үүнээс хоёрдугаар шатанд 35 яруу найрагч шалгарчээ. Тухайлбал Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн Дамбийн Дашдондов, Завханы Шилүүстэй сумын яруу найрагч Х.Амарбаян, А.Бөхням, Их уул сумын яруу найрагч Ч.Бадамсамбуу, Г.Бавуусүрэн, МЗЭ-ийн шагналт Увс аймгийн яруу найрагч Г.Батжавхлан, Улаанбаатар хотоос яруу найрагч Э.Булган, Дорнод аймгаас яруу найрагч Т.Болор-Эрдэнэ, Б.Ононбаатар, МЗЭ-ийн гишүүн, Говь-Алтай аймгийн яруу найрагч Ж.Жамьяндагва, Улаанбаатар хотоос Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Мягмарсүрэн, Архангай аймгаас Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхан гэхчлэн 35 яруу найрагчийн нэрс тодорчээ. Эдгээр яруу найрагчид хоёрдугаар шат, гуравдугаар шатанд бүтээлээ өөрсдөө уншиж өрсөлдөх ажээ. “Оюуны жимс-2017” яруу найргийн наадам Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт Жүжгийн Театрт зургадугаар сарын 3-ны өдөр болох юм.
Б.Мягмарсүрэн