Ц.Чинзориг: “Дэггүй Лиз” хоёр жилийн өмнөөс үзэгчидтэйгээ уулзахаар бэлтгэгдсэн

Монголын мэдээ | Ярилцлага
altankhuyag@montsame.mn
2017-05-25 00:27:32

Монголд анх удаа Францын алдарт хөгжмийн зохиолч Ф.Хэрольдын "La Fille mal gardee" хэмээх балет “Дэггүй Лиз” нэртэйгээр ДБЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна. Үүнтэй холбогдуулан тус балетын найруулагч Ц.Чинзоригтой ярилцлаа.

Зохиолын үйл явдал нь тариачин хатагтай Симона үзэсгэлэнт ганц охин Лизтэйгээ амьдардаг бөгөөд охиноо хөрөнгө чинээтэй айлын ганц хүүтэй суулгахаар тохирдог аж. Лиз охин өөртэй нь суулгахаар болсон Аленд дургүй бөгөөд сэтгэлт залуу Колентайгаа гэр бүл болохыг мөрөөднө. Симона хатагтай ганц охиноо бусдаас харамлан сүй тавих өдөр хүртэл гэрээсээ гарч орохыг нь цагдаж байгаагаар бүжгэн жүжиг цааш өрнөдөг байна.


-Францын алдарт хөгжмийн зохиолч Фердинанд Хэрольдын “Дэггүй Лиз” балетыг ДБЭТ-ын тайзнаа найруулан тавихаар хэзээнээс бэлтгэж эхэлсэн бэ?

-Би дипломын ажлынхаа хүрээнд бүрэн хэмжээний балет театрын тайзнаа найруулан тавихаар төлөвлөж байсан юм. Манай улсад хүүхдийн бүтээл цөөхөн тоглогддог учир хөтөлбөр байвал төрөөс дэмжихээ уламжилсан. Мөн өмнө нь тоглогдсон сонгодог балетуудыг шинэчлэн тавихаас илүүтэй цоо шинийг тайзнаа амилуулж тавих хүсэл төрсөн. Тэгээд л шийдвэрээ гаргасан даа. Уг хоёр жилийн өмнө уг балет үзэгчдэд хүрчих байсан хэдий ч төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй учраас хүчрээгүй. Гэхдээ одоо л хүмүүст хүрч байгаа нь илүү оновчтой, зөв ч цаг үе байж ч мэдэх юм. Ямартаа ч тус балет хоёр жилийн өмнөөс л үзэгчидтэйгээ уулзахаар бэлтгэгдсэн.

-Та Орост мэргэжил эзэмшсэн хүн. Тиймээс сонгодог урлагийн үнэлэмж тань дотоодын уран бүтээлчдийнхээс өөр болов уу?

-Би Москва хот дахь Оросын театрын урлагийн институтыг төгсөж ирээд хоёр жил болж байгаа. Мэдээж давуу талууд их бий. Гэхдээ манай уран бүтээлчид ч гэсэн эх орондоо сурч боловсрох хугацаандаа сонгодог урлагийн талаар гадаадад мэргэжил эзэмшсэн зарим нөхдөөсөө ч илүү боловсролтой болсон байдаг. Хувь хүний хичээл зүтгэлээс л хамаарна.

-“Дэггүй Лиз” балетын онцлог шинжийн талаар яриач?

-Нэгдүгээрт хүүхдүүдэд зориулсан уран бүтээл учраас үзэгч олонд сонирхолтой санагдаж байгаа болов уу. Мөн энэхүү балет нь дэлхийн олон алдартай театрын урын санг цаг үеийн уртад чимсээр ирсэн. Дэлхийн сонгодог урлагт ховорхонд тооцогддог хошин жанрын балет гэдгээрээ онцлогтой. Хайр сэтгэл, хүмүүс хоорондын нандин харилцааны талаар өгүүлэх тус балетыг бүх насныхан үзэх боломжтой бөгөөд өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжилд тун эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байгаа.

-Үзэгчдэд цоо шинэ зүйлийг хүргэнэ гэдэг зоримог үйлдэл боловч зарим талаар эрсдэлтэй байдаг. Та энэ тухайд юу гэж боддог вэ?

-Санал нийлж байна. Мэдээж эрсдэлтэй байлгүй яахав. Гэхдээ залуу хүн хийж бүтээхгүйгээр хойш суугаад байж болохгүй. Үзэгчид хэрхэн хүлээж авах бол, магтаал, шүүмжлэлийн аль нь надад их ирэх бол гэж бодохоос илүүтэй хийж буй зүйлдээ бүхий л сэтгэл зүрхээ зориулах нь чухал байдаг.  

-Уг нь анх “Үр дүнгүй болгоомжлол” гэж нэрийг нь монголчилсон байсан. Яагаад “Дэггүй Лиз” болоод хувирчихав аа?

-Хүүхдүүдэд ойр байлгах үүднээс нэрийг нь өөрчилсөн юм. Маркетингийн алба болоод уран сайхны зөвлөлийн хамт олны шийдвэрээр “Дэггүй Лиз” гэх нэрийг оноосон. Францаар "La Fille mal gardee" хэмээн нэрлэдэг. Тиймээс шууд орчуулгаар нь “Үр дүнгүй болгоомжлол” хэмээн нэрлээд хөтөлбөрт оруулчихсан байсан хэрэг л дээ.

-Тус бүтээлийг театрт тоглогдохыг өмнө нь үзэж байсан болов уу. Найруулан тавихаар зориглосноосоо хойш тус балетыг хэр их судалсан бэ?

-Мэдээж судлалгүй яахав. Уг нь Орост хоёр хувилбараар тоглогддог авч би огт үзээгүй. Ер нь үнэнийг хэлэхэд нэг  их тоогоогүй юм. Тиймдээ ч цаг зав гарган театрт очиж тус балетыг сонирхох бодолгүй байсан биз. Дэлхийд театрын урлагаар тэргүүлэх сургуульд суралцаж байсан болоод ч тэр үү, арай түвшний зүйл сонирхож явсан нь тодорхой. Харин сүүлд бичлэгүүдийг нь үзэж нэлээдгүй судалгаа хийсэн. Английн “Хатан хаан” театрын Ф.Аштоны хувилбараас санаа авч шинэчлэн найруулсан хувилбараар тайзанд амилуулах гэж байна. Үйл явдал нь өрнөж буй тухайн нийгэм, тоглогчдын хувцас хэрэгсэл зэрэг өөрчлөгдсөнөөс гадна бүжгийн дэглэлтийн 80 хувийг өөрийнхөөрөө шинэчлэн найруулж тавьсан байгаа.



-Цаашид шинэ соргог бүтээлүүдээр театрын урын санг чимнэ гэдэгт тань олон хүн итгэж байгаа. Таны хувьд Монголын театрт ямар төрөл жанрын балетууд дутагдаж байна вэ?


-ДБЭТ-ын тайзнаа бүхий л төрөл жанрын бүтээлүүд хэрэгтэй. Нэг их дутагдаж, дэлхийн сонгодог урлагийн хөгжлөөс хоцорсон зүйл байхгүй гэж боддог. Гэхдээ манай театрын урлагт комтемпорари болон модерн, арт хаос төрлийн бүтээлүүд их дутагддаг. Дээр нь монгол үндэстний онцлог, нүүдэлчдийн зан заншил, уламжлалт ёс жаягаа хадгалсан томоохон бүтээл байдаггүй. Энэхүү дутагдлыг арилгахын төлөө цаашид хичээнэ. Мөрөөдөлд хязгаар байдаггүй ч хүссэн зүйлдээ хүрэхийн тулд хүн хичээх хэрэгтэй болдог. Тэгээд ч “сонгодог” гэх тодотгол зүүсэн хуучны бүтээлүүдээс илүүтэй шинэ зүйл ажиллахыг эрхэмлэн үздэг. Мэдээж үүгээрээ хуучны бүтээлүүд хэрэггүй гэсэн үг биш. Би зүгээр туршиж, ярьж суухаас илүү аливаа уран бүтээлийг чадахынхаа хэрээр шинэчлэн найруулахыг хүсдэг.

-Баярлалаа танд амжилт хүсье.

-Баярлалаа.
Б.Алтанхуяг
Холбоотой мэдээ