“Мини Иргэдийн Төлөөлөгчид”-ийн анхдугаар хуралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-25 09:06:56
Ховд/МОНЦАМЭ/МонголУлсын Шадар сайдын  2011 оны 65 дугаар  тушаал “Хүүхдийн оролцоо  дэмжих стратеги” болон аймгийн Засаг даргын  А\01 захирамж  “Хүүхэд  хамгааллын бодлогын баримт бичиг”-ийг  хэрэгжүүлэх  ажлын  хүрээнд  Ховд аймгийн ИТХ,  Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар,  Дэлхийн Зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөр  хамтран  аймгийн ИТХ-ын  дэргэд   хүүхдийн  “Мини  Иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурал”-ыг  байгуулж,  05 дугаар сарын 23-ны өдөр анхдугаар  хуралдааныг  ЗДТГ-ын Иргэний  танхимд  зохион байгууллаа.
Эх орны минь эрдэнэт  иргэн, Монголын ирээдүйн  хөгжлийн эзэд болсон  хүүхэд  багачууд,  өсвөр үеийнхэний  дуу хоолой,  төлөөлөл болж  Сум бүрээс  сонгогдсон  шилдэг,  тэргүүний манлайлагч  41 сурагч  Хүүхдийн “Мини иргэдийн төлөөлөгчдийн  хурал”-ын  төлөөлөгч болж, бүрэн эрхээ баталгаажуулан  үнэмлэх,  энгэрийн  тэмдэг  гардан авсан юм.
Ховд  аймгийн  хүүхдийн “Мини ИТХ”-ын  төлөөлөгч нарыг  сонгохдоо  сум орон  нутгийн  ЕБС-ийн анги, бүлэг  бүрээс  нэг  хүүхдийн  нэрийг  дэвшүүлж,  нэгдсэн  хурлаар  хэлэлцүүлж  сонгосон байна. Ингэснээр  тус аймгийн  17  сумын сургууль  тус  бүрээс   1 сурагч,  Булган сумын сургуулиас  2 сурагч, Жаргалант  сумын  8 сургууль  тус  бүрээс  2 сурагч,  Аймгийн Хүүхдийн нэгдсэн  зөвлөлийн  төлөөлөл  2 сурагч,  Лидер сурагч академийн төлөөлөл  1 сурагч,  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөөлөл  2 сурагч,  Хөгжил политехник коллежээс  2  суралцагч,  нийт  6-11  дүгээр ангийн  41 сурагч  төлөөлөгчөөр  сонгогдон  оролцлоо.
Хүүхдийн  “Мини иргэдийн төлөөлөгчдийн  хурал”-ын  анхдугаар  хуралдааны  зорилго  нь  Хүүхэд өсвөр үеийнхэнд  нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага  болон Нутгийн захиргааны байгууллагуудын шийдвэр гаргах  үйл ажиллагааны  талаар мэдлэг  олгох,  хүүхдийн эрх ашигтай холбоотой асуудлыг  боловсруулах,  шийдвэр гаргах,  хэрэгжүүлэх  үйл явцад  хүүхдийн оролцоог  дэмжин, эргэн мэдээлэл  хүргэдэг   тогтолцоог  бий болгоход   чиглэж  байлаа.
Анхдугаар  хуралдааныг  нээж  аймгийн  Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын дарга Ц.Номинчимэг, аймгийн ИТХ-ын ажлын албаны нутгийн  удирдлага бодлого зохицуулалтын  хэлтсийн дарга  Ч.Бадрал, Дэлхийн зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч  Тошлой нар  оролцож, хүндэтгэлийн  үг  хэлж, орон нутгийн хүүхдүүдийн  дуу хоолой болсон  41  төлөөлөгчдөд  баяр  хүргэж,  амжилт  хүссэн юм.
Хуралдааны  үеэр аймгийн ИТХ-ын ажлын албаны  нутгийн  удирдлага  бодлого зохицуулалтын хэлтсийн дарга  Ч.Бадрал  Аймгийн ИТХ-ын  дэг,  үйл явцын  талаар  ”Мини ИТХ”-ын  төлөөлөгч нарт   мэдээлэл  хүргэлээ.  Үүнээс  гадна  ГБХЗХГ-ын  дарга Ц.Номинчимэг  төлөөлөгчдийн  бүрэн  эрхийг   баталгаажуулж  үнэмлэх,  энгэрийн  тэмдэг  гардуулсан юм.
  “Мини ИТХ”-ын  Анхдугаар  Хуралдаан нь  хурлын дэгийг  батлах,  дарга,  тэргүүлэгчдийг сонгох, нээлттэй микрофоноор  тулгамдаж  буй асуудал,  шийдвэрлэх арга  замуудын талаар  санал бодлоо  чөлөөтэй солилцох,  “Ховд  аймгийн хүүхэд багачуудын эрхэмлэх  зүйлийн төсөл”-ийг   хэлэлцэн  батлах,  түүнд  нийцсэн  тогтоол гаргах,  тогтоолын  төсөл  танилцуулах   үйл явц зэргээр  үргэлжилсэн юм.
Энэ үеэр  Цаасан шувуу нисгэх,  асуудлыг  эрэмбэлэх,  хуралдаанаас  зөвлөмж,  шийдвэр гаргаж  аймгийн  ИТХ-ын  ажлын албанд гардуулан өгөх зэрэг бүтээлч санаачлагуудыг  өрнүүлж,  Хүүхдэд  тулгамдсан асуудлуудыг  хүүхдүүдийн  дуу  хоолой болсон төлөөлөгч  хүүхдүүд   хамтдаа  шийдвэрлэх  гарц, боломжийг  бүрдүүлж  өгсөнөөрөө  чухал ач холбогдолтой байлаа.
                                                          А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ