Колумбын сонгуулийн байгууллага Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах хүсэлт тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-25 12:28:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд найрамдах Колумб улсын сонгуулийн байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ажиглах хүсэлт тавьжээ. Мөн ирэх онд болох тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах урилгыг уламжлав. 

Сонгуулийн Ерөнхий хорооны /СЕХ/ дарга Ч.Содномцэрэн Бүгд найрамдах Колумб улсаас /БНКУ/ Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Тито Саул Пиниллаг өөрийнх нь хүсэлтээр өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Колумб улсын нөхцөл, байдал, сонгуулийн байгууллагын талаар товч танилцуулсан юм. Тус улс сонгуулийн үйл ажиллагаагаа автоматжуулах чиглэл рүү явж байгаа бөгөөд түүнийг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд сонгуулийн автоматжуулсан системийг нэвтрүүлэн ашиглаж буй Монгол Улсын туршлагыг үнэлж байгааг илэрхийлэн энэ талын туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах Колумбын Үндэсний Сонгуулийн зөвлөлийн хүсэлтийг СЕХ-ны даргад уламжиллаа.

Мөн Элчин сайд Тито Саул Пинилла Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах хүсэлт бүхий  захидлаа СЕХ-ны даргад гардууллаа. Захидалд, Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо нь байгуулагдсан цагаасаа эхлэн ардчилсан сонгуулийн чанарыг дээшлүүлэхээр ажиллаж улмаар өнгөрсөн хугацаанд шударга, нээлттэй сонгуулийг зохион байгуулж буй туршлага менежментээрээ танигдсаныг Колумб улсын Засгийн газрын нэрийн өмнөөс илэрхийлжээ. Мөн ирэх оны 4 дүгээр сард болох Колумбын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах урилгыг Монгол Улсын СЕХ-ны даргад уламжиллаа.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн  энэ урилгыг талархан хүлээн авч буйгаа илэрхийлээд удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах Колумбын сонгуулийн байгууллагын ажиглагчдыг хүлээн авахад таатай байх болно гэсэн юм. 
Н.Туяа
Холбоотой мэдээ