А.Гранде Манчестер хотод хандивын тоглолт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-05-29 16:09:22
ЛОС-АНЖЕЛЕС. /VOA/. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Английн Манчестер хотын цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийснийх нь дараа болсон амиа золиослогч этгээдийн дэлбэрэлтэд өртөн амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулан хандивын тоглолт хийнэ гэдгээ Америкийн поп од Ариана Гранде мэдэгдлээ.

Өдгөө 23 настай дуучин бүсгүй саяхан инстаграм хуудсандаа энэ тухай мэдэгдсэн байна. Гэхдээ тоглолтыг яг хэзээ хийхээ тодорхой мэдэгдсэнгүй.

А.Грандын тоглолт дууссаны дараа өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Манчестерын цэнгэлдэх хүрээлэнд нэгэн этгээд амиа золиослон дэлбэрэлт үйлдэх үеэр залуучууд голдуу 22 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархадсан юм. Үүний дараа тэрбээр зургадугаар сарын 5-ныг хүртэлх хугацаанд Лондон болон Европын хотуудад хийхээр төлөвлөсөн тоглолтуудаа цуцалсан билээ.
Г.Доржханд

 

Холбоотой мэдээ