Төрийн албан хаагчид цусаа хандивлаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunzaya@montsame.mn
2017-05-29 16:55:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан цусны нөөцийг нэмэгдүүлэх, донорын үйлсийг сурталчлах зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгосон билээ.

Тавдугаар сарын "Цусаа бэлэглэх өдөр"-ийг нийслэлийн Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулсан. Уг өдөр хотын дарга нийслэлийн төр захиргааны байгууллагуудад хандаж цусаа хандивлахыг уриалсан юм.

Энэхүү уриалгын дагуу нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд хуваарийн дагуу цусаа бэлэглэж эхэлжээ.

Одоогоор нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Баянгол дүүргийн ЗДТГ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Улаанбаатар Төв номын сан, Сонгинохайрхан дүүргийн хороодууд, Хан-Уул дүүргийн Шүүхийн хамт олон цусаа бэлэглээд байгаа аж.

Харин энэ сарын 29, 30-нд Хангарди ордон дахь нийслэлийн харьяа газрын албан хаагчид тухайн ажлын байран дээрээ цусаа хандивлах юм байна.

Энэ талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Нийгмийн ажилтан Д.Дулмаа ярихдаа, “Хотын даргын гаргасан уриалга маш үнэ цэнэтэй зүйл болсон. Яагаад гэвэл зөвхөн цусны донорын эгнээнд цусаа бэлэглэх үйл ажиллагааг өрнүүлдэг байсан бол одоо уриалгын дагуу нийслэлийн харьяа агентлагийн ажилтан, албан хаагчид идэвхтэй өгч байна. Цусыг сайн дурын үндсэнд хариу авлагагүйгээр өгч байгаа хэдий ч нэг дусал цусны үнэ цэнэ, ач холбогдлыг иргэд ойлгож, тодорхой мэдээлэлтэй болсоор байна. Өнөөдөр бид нийслэлийн ЗДТГ, маргааш Хангарди ордон, ирэх сарын 7-нд төр захиргааны 4 дүгээр байранд байрлаж буй байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд хотын даргын уриалгыг хэрэгжүүлж, цус бэлэглэх аяныг үргэлжлүүлнэ. Бидний ажлыг идэвхтэй дэмжиж цусаа хандивласан иргэддээ талархал илэрхийлье” гэлээ.
Холбоотой мэдээ