Булганд үер уснаас хамгаалах ажиллагаа үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-30 09:47:29
Ховд/МОНЦАМЭ/ Булган сумын хэмжээнд гол усны түвшин эрс нэмэгдэж сумын Онцгой комиссын шийдвэрээр 2017 оны 05 сарын 18-ны өдрөөс эхлэн сумын хэмжээнд “Өндөржүүлсэн бэлэн байдал”-д шилжин ажиллаж байгаа юм. Сумын Онцгой комиссын шийдвэрээр эрсдэл бүхий бүсүүдийг тогтоож, эрсдэлтэй бүсэд байгаа Байтаг, Алагтолгой багийн иргэд, малчид, мал сүргийг аврах ажиллагааг тогтмол явуулж байгаа талаар сумын удирдлагууд  мэдээлж байна.
Тухайлбал: энэ оны  05 дугаар сарын 18-ны өдөр Онцгой байдлын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, сумын Засаг даргын Тамгын газар, нутгийн иргэдтэй хамтран  Байтаг багийн 21 иргэн, 1250 мал, Алагтолгой багийн 17 иргэнийг эрсдэлтэй бүсээс  хоёр  завиар гаргаж, аюулгүй бүсэд шилжүүлсэн байна Цаг уурын Байтаг станцаас өгсөн мэдээллээр Булган голын усны түвшин 2017 оны 05 сарын 19-ний өдрийн өглөөний 09 цагийн байдлаар өмнөхөөсөө 11 см-ээр багасан 368 см болсон ч үерийн байдалтай  байна. Эрсдэл бүхий бүсэд Байтаг багийн 30-иад өрхийн 85 хүн, 4000 толгой мал, Алагтолгой багийн 17 өрхийн 77 хүн, 3000 толгой мал байгаа бөгөөд аврах ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байгаа талаар Булган сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ