Франц болон ОХУ харилцаагаа сайжруулахаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-30 10:22:11
ПАРИС. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар яриа хэлэлцээ хийх замаар хоёр талын харилцаагаа сайжруулахаар тохиролцжээ.

Хоёр улсын удирдагчид өчигдөр Парис хотоос холгүй орших Версалийн ордонд уулзсан байна. Тус ордонд одоогоос 300 жилийн өмнө Францын XV Людовик хаан Оросын Их Петр хааныг хүлээн авч уулзаж байжээ.

Анхны нүүр тулсан уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Э.Макрон, В.Путин нар хоёр улс өнө эртний дипломат харилцаа, түүхтэй болохыг онцлон тэмдэглэсэн байна.

Тэд “Лалын улс” тэргүүтэй босогчдын бүлэглэлүүдтэй тэмцэх арга зам, Сирийн иргэний дайн болон дотоодын байдал нь тогтворгүй байгаа Украин зэрэг улс орнуудын асуудлыг авч хэлэлцжээ.

Э.Макрон хэлэхдээ “эдгээр асуудлыг Оросын талтай яриа хэлэлцээ хийлгүйгээр шийдвэрлэх боломжгүй” гэв.

Харин В.Путин хэлэхдээ “бид терроризмтой тэмцэх асуудалд эн тэргүүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж тохиролцсон” гэлээ.

Сонгуулийн штабын компьютеруудад нь Оросын хакерчид халдсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор Э.Макрон В.Путинаас хариулт хүссэн байна. В.Путин “энэ бол ямар ч баримтгүй бөгөөд ор үндэслэлгүй гүтгэлэг” гэжээ.

Тэд Францын өмнөх Ерөнхийлөгч Франсуа Олландын үед Сирийн асуудлын улмаас хөндий болсон харилцаагаа сайжруулах хүсэлтэй байна.
 
Г.Доржханд



Холбоотой мэдээ