Тариалангийн бүс нутаг тогтоох нь боломжгүй байна гэж үзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-30 16:54:32
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хувьд бэлчээрийн даац 2-3 дахин хэтэрсэн, нөөц бэлчээр нутаг байхгүй, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн байршлыг сумдын хэмжээнд шийдвэрлэж чадаагүй байгаа учраас газар тариалангийн бүс нутаг тогтоох асуудал цаг хугацааны хувьд боломжгүй байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс үзжээ.
Газар тариалангийн бүс нутаг тогтоох асуудлаар ажлын хэсэг орон нутагт ажиллаж сумдын удирдлага, мэргэжилтэн, малчид, тариаланчдын санал бодлыг сонсож ийм дүгнэлтэд хүрсэн аж.
Тариалангийн тухай хуулинд бүс нутаг тогтоох асуудлыг тариалангийн талбайгаас 500 метрээс дотогш мал бэлчээхгүй байх, талбайн ойролцоо байгаа өвөлжөө, хаваржааг нүүлгэн шилжүүлэх, буух нутгийг сумын Засаг дарга 1 сарын дотор шийдвэрлэж өгөхөөр заасан байдаг байна.
Гэтэл Булган аймагт 708 өрхийн 2415 зуслан, өвөлжөө, хаваржаа газар тариалангийн бүс нутагт орохоор байгаа нь шийдэхэд бэрхшээлтэй асуудлын нэг болоод байгаа аж. Тариан талбайд мал бэлчээрлэснээс зарим жил балансаар тогтоогдсон ургацаасаа 1000 гаруй тонн ургаж алдаж байсан тохиолдол ч гарчээ. Тиймээс  тариаланч, малчдын хооронд үүссэн маргааныг шийдэж, газар тариалангийн бүс нутаг тогтоох нь зайлшгүй болоод байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ