УИХ-ын гишүүдийн цалинг хасахгүй байхыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-29 12:49:13

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, “Цалин хасна, эдийн засаг хямарсан гээд байдаг. Гэтэл бусад тоонуудыг нь харахад  хямрал харагдахгүй байна. Нийгмийн даатгалынхан байшин барина, хайс хийнэ. Бас хэд хэдэн газар байшин буулгана гэсэн байна. Энэ чинь хямралын үеийн төсөв мөн үү” гэхэд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан, “Энэ төсөв хямралын төсөв мөн үү гэж асууж байна. Хямралын төсөв биш ээ. Хямралын үеийн төсвийг боловсруулахад манайхан их төсөө байна” хэмээн хариулсан юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Улс төрийн намууд төсвийн тодотголтой холбогдуулж өчигдрийн чуулганд илтгэл тавьсан. Үүнээс харахад тодотгол бол бодит тодотгол биш байна. Гадаад томилолт, эд хогшлын зардлаа нэмсэн байна. Иймд Засгийн газарт буцаах ёстой. Орлого нэмэгдүүлэх тал дээр ер ажиллахгүй байна” гэсэн саналтай байгаагаа хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд, “Өчигдөр төсвийн төсөөллийг ярихад иргэдийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа цэцэрлэг сургуулийн асуудлыг тодруулахад хариултаа авч чадаагүй. Цэцэрлэг сургуулийн асуудлыг энэ оны тодотгол, ирэх оны төсвийн хаана нь тусгасан бэ. Сонгогчдынхоо төлөө хэлэхээр иргэдэд таалагдах гэж ярьлаа гэдэг. Та нар тойроггүй байж болно. Тойрогтоо очихоор хүүхдүүд 2-3 жил цэцэрлэгт явж чадахгүй" байна.

Сангийн сайд Б.Болор энэ асуултад, “Сургуулиудыг концессийн гэрээгээр хийе гээд шийдчихсэн” гэлээ.

Энэ үеэр төрийн дээд албан тушаалтны цалинг бууруулахаа больё гэсэн УИХ-ын гишүүн  Д.Дэмбэрэлийн саналтай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Д.Ганбат, “Цалин хасах нь төрийн дээд албан тушаалтнуудыг авлигаар амьдардаг гэсэнтэй адил хэрэг болно. Тиймээс цалинг хасч болохгүй” гэсэн юм.

Уг асуудалд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан, “Хувь хүний оноосон цалинг бууруулах нь Төрийн албаны тухай хуулийг зөрчинө. Тэр заалтыг өөрчлөе гэсэн санал Засгийн газраас орж ирээгүй” гэсэн бол ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, “Хэд хэдэн хуулинд төрийн албаныхны цалинг одоогийн байгаагаас нь бууруулж болохгүй гэж заасан байдаг. Хуульчидтай энэ талаар ярилцсан. УИХ төсөв батлах онцгой эрхтэй. Иймээс УИХ өөрөө шийдэх боломжтой гэсэн тайлбар өгсөн. Шаардлагатай гэж үзвэл тэдгээр хуулийн төслийг өөрчилж болно. Гэхдээ одоо цалин бууруулахгүй гэж ярьж байгаа учир хуулиа өөрчлөх шаардлагагүй болж байна” гэв.

Ингээд Д.Дэмбэрэл гишүүний гаргасан саналаар санал хураалт явуулахад 73,3 хувийн дэмжлэг авлаа.

 

Б.Туул

Холбоотой мэдээ