Хятадад хиймэл оюун ухаан математикийн шалгалтыг сургуулийн сурагчдын адилаар өгнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-06-03 11:14:10
БЭЭЖИН./TASS/. "Al-MATHS" хиймэл оюун ухаан математикийн хичээлээр сургуулийн сурагчдын төгсөлтийн ерөнхий шалгалтыг өгөх гэж байна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр уг шалгалт 6 дугаар сарын 7-нд товлогджээ.

хиймэл оюун ухаант робот шалгалтын хоёр цагийн хугацаанд математикийн бодлого даалгаврын хэд хэдэн хувилбарыг бодон шийдэх юм. Зохион бүтээгчдийн ярьж байгаагаар, Al-MATHS энэ оны 2 дугаар сард ийм шалгалт өгч үзжээ. Гэхдээ тэр удаад робот ердөө 93 оноо авч чадсан нь шаардагдах босго онооноос ердөө гуравхан пунктээр илүү байжээ.

“Бид хиймэл оюун ухааны логик сэтгэлгээг боловсронгуй болгох мөн алгоритмын даалгавруудыг шийдэх хүрээг өргөжүүлэх дээр ажиллаж байна” хэмээн уг роботыг зохион бүтээгч компанийн Гүйцэтгэх захирал Линь Хуэй ярьжээ. Программ зохиогчдын батлаж байгаагаар, одоо болох шалгалтын үеэр робот тестийг илүү өндөр үр дүнтэй биелүүлэхийг хичээх аж.

Уг төслийг БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд тус яам 2020 он гэхэд ерөнхий шалгалтыг Хятадын шилдэг их дээд сургуулиудад элсэн ороход хангалттай хүрэлцэхүйц дүнтэй өгөх чадвар бүхий роботуудыг зохион бүтээх зорилт тавьж байгаа юм.

5 дугаар сард “Goolgle DeepMind” компанийн “AlphaGo” нэртэй компьютерийн программ “Го” ширээний логик тоглоомын дэлхийн аварга Кэ Жэ-г илүүрхэн хожсоноос хойш Хятадын олон нийтийн зүгээс хиймэл оюун ухааны салбарын бүтээлүүдийг ихээр сонирхох болсон юм.
Дэлхийн аварга Кэ Жэ хэлэхдээ, уг программ өмнө нь ийм их төгс боловсронгуй байгаагүй, харин одоо бол “AlphaGo”-ийн гаргаж буй бүх үйлдэл, шийдлүүд нь хүний ойлголт, боломжоос давж байна гэжээ.
О.Барс
Холбоотой мэдээ