Монгол Улс анхны хиймэл дагуулаа маргааш тойрог замд оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-06-03 16:18:37
УЛААНБААТАР. /Xinhua/. Нэн ховордсон говийн баавгай буюу Мазаалайн нэрээр нэрлэгдсэн Монголын анхны хиймэл дагуулыг энэ сарын 4-нд буюу маргааш тойрог замд оруулах гэж байна.
 
Уг хиймэл дагуулыг ЮНЕСКО болон Японы ивээл дор хэрэгжүүлж буй “Joint Global Multi-Nation Birds” төслийн хүрээнд АНУ-ын Флорида муж улс дахь Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс "SpaceX Falcon 9" зөөгч пуужингаар тойрог замд оруулна.
 
“Joint Global Multi-Nation Birds”  бол анхны хиймэл дагуулаа бүтээж,  тойрог замд оруулахад нь сансарт гарцгүй улс орнуудад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий олон улсын төсөл юм. Хоёр жил үргэлжлэх энэ төсөлд Монголоос гадна Япон, Гана, Нигери болон Бангладеш улс хамрагдаж байгаа билээ.
 
Эх дэлхийгээс 400 км зайтай орших хиймэл дагуултайгаа Монгол Улс өдөр 5-6 удаа холбогдож, мэдээлэл авах боломжтой. 
 
Хиймэл дагуултай болно гэдэг нь олон давуу талтай. Тухайлбал, тухайн улс орон бие даан сансрын судалгаа хийх, улс орныхоо газарзүйн зургийг сансраас авах, илүү нарийвчлалтай газрын зураг гаргах болон байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх боломжтой.
 
Төслийн багийн гишүүдийн мэдэгдсэнээр, Монголын хоёр дахь хиймэл дагуулыг 2019 онд тойрог замд оруулах ажээ.
 
“Мазаалай”-г зургадугаар сарын 2-нд тойрог замд оруулахаар төлөвлөж байсан ч ширүүн бороо орсны улмаас төлөвлөгөө хойшлогдсон юм.
 
http://news.xinhuanet.com/english/2017-06/02/c_136335433.htm
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ