Лондонд болсон террорист халдлагад Францын иргэд өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-04 15:00:05
ПАРИС./TASS/. Өнгөрсөн шөнө Британийн нийслэлд болсон террорист халдлагад Францын иргэд өртсөн тухай Елисейн ордны мэдэгдэлд дурджээ.

Дээрх мэдэгдэлд “Франц улс хохирогчдод туслахын тулд боломжтой бүхнээ хийж байна” гэж онцлон тэмдэглэжээ. Елисейн ордноос тараасан мэдэгдэлд Францын Ерөнхийлөгч Э.Макрон Британийн ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ, Франц улс Их Британи, бусад орнуудын хамтаар “терроризмын эсрэг тэмцэлд бүх хүч чармайлтаа цаашид ч дайчлан ажиллаж болно” гэдгээ батлан хэлжээ.

Францын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Кристоф Кастанер BFM TV телевизэд “Лондоны халдлагад Францын хоёр иргэн өртсөн ба тэр хоёрын нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа” гэж мэдээлжээ.

Өнгөрсөн шөнө машинтай гурван этгээд Британийн нийслэлийн Лондоны  гүүрийн орчимд явган зорчигч руу дайрсан ба улмаар тэд Боро маркет захад хүрч машинаасаа буун хутга барин хүмүүс рүү халдсан юм.

Сүүлийн үеийн мэдээгээр, террорист халдлагын улмаас зургаан хүн амиа алдаж, 48 хүн эмнэлэгт хүргэгджээ. Халдсан этгээдүүдийг цагдаа нар аюулгүй болгосон байна.
О.Барс 


Холбоотой мэдээ