"Дархан Хайрхан” уулын тахилга болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-06-05 11:45:44
Дархан-Уул аймгийн орон нутгийн тахилгат “Дархан Хайрхан”-ы тахилга болов. Уг ёслол хүндэтгэлийг аймгийн ЗДТГ-аас эрхлэн тус аймаг дахь “Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржаалин” хийд болон Шарын сумын ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. “Тахилгын ёслолд Дархан-Уул аймаг төдийгүй бусад аймгуудаас сүсэгтэн олон өргөнөөр оролцох бололцоо нөхцлөөр хангаснаар энэ жилийн тахилга өргөн дэлгэр болжээ.
Тахилгат “Дархан Хайрхан” Улсын тусгай хамгаалалтад авах газар нутгийн бүрэлдэхүүнд орж бүртгэгдсэн, аймгийн тусгай хамгаалалттай газар юм. Анх 2008 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дархан Хайрхан” уулыг тайх уламжлалыг сэргээж жил бүр тайж байхаар шийдвэрлэж хайрханаа тахих төр, шашны ёслолын ерөнхий журам, үлгэрчилсэн дэгийг батлаж хэрэгжүүлснээс хойш ес дэх жилдээ тайж байгаа нь энэ юм” гэж аймгийн Засаг дарга С.Насанбат ярилаа.
Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаа: “Энэ жилийн хайрханы тахилга болох өдөр их тогтуун налгар сайхан байлаа. Манай сумын хувиараа бизнес эрхэлдэг залуучууд болон энэ суманд төрж өссөн одоо “Оюу Толгой” компанид ажиллаж байгаа хэсэг залуучууд хамтарч тахилгат хайрханы хормойд орших “Их суварга”-ыг шинэчлэн засварлаж орчныг нь тохижуулж мөн эрхиний тоогоор 108 шатыг байгуулах хөрөнгийг гаргаж бүтээн байгуулалт хийснийг өнөөдөр нээж байна. Энэ бүтээн байгуулалтыг хийхэд төрөөс ганц ч төгрөг гараагүй сум орноо, нутаг зоноо гэсэн сэтгэлээр хандаж бүтээн байгуулалт хийсэн залуучууддаа талархаж байна” гэв.
Тахилгын үеэр уламжлал ёсоор гурван насны морь уралдуулж үндэсниы бөхийн барилдаан, шагайн харвааны тэмцээн боллоо. Тус хайрхан нь Шарын гол, Хонгор сумын хилийн заагт Хэнтийн нурууны салбар их уулсын хаяа “Их Дархан”, “Бага Дархан” гэсэн хоёр хэсгээс бүрддэг онгон дагшин уул бөгөөд далайн төвшнөөс 1239 м өндөр, 1560 га газар нутгийг хамарч оршдог. Дархан Хайрхан уулыг энэ нутгийн ардууд болон 1704 онд байгуулагдсан “Мэргэн даяанчийн хийд”-ийн лам хуврагууд 300 жилийн тэртээгээс тахин тайж ирсэн түүхтэй аж. Энэ уул нь ой модтой, ховор ан амьтан, булаг горхитой, овоо тахилга бүхий байгалийн үзэмж бүрдсэн онцгой хайрхан юм.
 
                                                                                                               Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ