Явуулын лабораториор элэгний B,C вирусын шинжилгээ авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-05 13:29:39
Дорноговь /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаанаар  “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг баталж орон даяар хэрэгжүүлэх зорилт тавьсан. Хөтөлбөрийг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх зорилгоор Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тавдугаар сарын хуралдаанаар  “Элэг бүтэн Дорноговь” дэд хөтөлбөрийг баталж хэрэгжүүлж байна.
Энэ сарын 04-нд“Элэг бүтэн Монгол”, “Элэг бүтэн Дорноговь” дэд хөтөлбөрийг сурталчлах,  2017 онд 40-65 насны бүх иргэдийг өрх, сумын эрүүл мэндийн төвд элэгний В, С вирүс илрүүлэх шинжилгээнд хамруулах зорилтын хүрээнд Дорноговь аймгийн төрийн болон хувийн хэвшлийн  эрүүл мэндийн байгууллагуудын “Нээлттэй хаалга”-ны өдөр Сайншанд хотын төв талбайд болов.
Эмч мэргэжилтнүүд явуулын  лаборатори ажиллуулж элэгний B,C вирус, дох, тэмбүү, био химийн шинжилгээ авч, явуулын эхо үзлэгийг хийсэн байна. Шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид хийж хариуг нь иргэдэд  хүргэх аж. Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш эмнэлгийн ажилтнууд 2000 гаруй иргэнийг эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд хамруулснаар 400 гаруй нь элэгний B,C вирусын халдварт тээж байгааг тогтоож  эмчилгээнд хамруулжээ.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ