Нийгмийн даатгалын тогтолцооны эрх зүйн шинэчлэлийг танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-29 17:28:46

Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор “Нийгмийн даатгалын тогтолцооны эрх зүйн шинэчлэл” сургалт хэлэлцүүлэг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын сумын байцаагч нарын дунд боллоо.

Сургалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын НДБХГ-ын дарга Б.Батбаатар, НДЕГ-ын ЭМДГ-ын БТХ-ийн дарга Ц.Ганцэцэг, НДЕГ-ын НДБХГ-ын ахлах мэргэжилтэн Б.Батжаргал нар удирдан явуулсан бөгөөд НДЕГ-ын дарга Ц.Уртнасан оролцож, үг хэллээ.

Тус сургалт, хэлэлцүүлэгт Хэнтий аймгийн 24, Сүхбаатар аймгийн 15, Дорнод аймгийн 18-н байцаагч оролцов.
Сургалтаар төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого, Нийгмийн даатгалын багц хуулиудад орсон нэмэлт өөрчлөлт, сайн дурын даатгалын гэрээ, гадаад улсад оршин суугаа Монгол улсын иргэдийг нийгмийн даатгалд хамруулах талаар хийж буй ажил, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг банкны цахим үйлчилгээг ашиглан төлөх, үйлчилгээнийн хэрэгжилт, бусад цахим үйлчилгээний талаар мэдээлэл хүргэх, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, түүнтэй холбоотой заавар журам, анхаарах асуудлууд зэрэг олон сэдвээр хичээл явагдлаа.
Энэ үеэр Хэнтий аймгийн зүүн бүсийн сумдаас хамгийн олон малчныг сайн дурын нийгмийн даатгалд хамруулсан Өмнөдэлгэр сумын Нийгмийн даатгалын байцаагч Б.Энхжаргал өөрийн хийсэн ажил болон цаашид хийх ажлын зорилтоо бусад байцаагчдад танилцуулж, туршлагаасаа хуваалцлаа. Түүний хувьд 2015 онд сумынхаа 398 иргэнийг сайн дурын нийгмийн даатгалын даатгалд, 1100 иргэнийг эрүүл мэндийн даатгалд хамруулжээ.
Сургалт хэлэлцүүлэгт оролцсон нийт байцаагч нарыг 7 багт хуваан, малчдад зориулсан сурталчилгааны материал, сурталчилгааны арга хэлбэр агуулгыг тодорхойлох сэдвээр бүлгийн ажил зохион байгуулж, Д.Болортунгалаг ахлагчтай 2-р багийн санаачилсан ажил түрүүллээ.

О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ