Тариат сумын Эрүүл мэндийн төв шүдний кабинеттэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-07 12:06:18
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Тариат сумын сум дундын эмнэлэг шүдний иж бүрэн кабинеттэй боллоо. Тус эмнэлгийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тойргийн сумдад Цахир, Хангай, Өндөр-Улаан, Чулуут сум ордог. Эдгээр сумдын иргэдэд амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм.

Аймгийн хэмжээнд амны хөндийн эрүүл мэндийн асуудал анхаарал татах хэмжээнд байдаг байна. Ялангуяа бага насны 2-7 настай хүүхдүүдийн шүдний  цоорол төв суурин газруудад олон, хөдөө сум багт харьцангуй цөөн бүртгэгддэг байна. Сум дундын эмнэлэг шүдний кабинеттэй болно гэдэг нь эцэг эхчүүд өөрсдийнхөө болоод хүүхдийнхээ амны хөндийн эрүүл мэндэд анхаарал тавих боломж бүрдэж байгаа юм.   

Тариат сумын сум дундын эмнэлгийн шүдний иж бүрэн кабинетийг Японы Хүүхдийг ивээх санийн эрүүл мэндийн “Денан” төслийн санхүүжилтээр иж бүрэн суудал, компоессор, шүдний рентгэн аппарат, шүдний багаж ариутгах шүүгээ, ариун багаж савлагч, зөөврийн бор машин, бусад багаж хэрэгслийн хамт тоног төхөөрөмжөөр хангасан байна. Мөн Тариат сумын нэг эмчийг шүдний эмчээр 10-аас дээш ажиллах нөхцөлтэйгөөр “Денан” төслийн санхүүжилтээр АШУҮИС-ийн нүүр ам судлалын сургуульд 100 хувийн тэтгэлгээр 5 жил сургаж бэлтгэжээ. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ