Сурагчид Олон улсын урлагийн наадмаас гран-при шагнал хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-07 14:08:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймгийн ерөнхий боловсролын "Дарын" цогцолбор сургуулийн сурагчид  саяхан БН Казахстан улсын Караганды хотод зохион байгуулагдсан уламжлалт "Тулга" Олон улсын IV урлагийн наадамд аймгаа төлөөлөн амжилттай оролцоод иржээ.

Эстрадын болон үндэсний дуу, бүжиг, ардын хөгжим, тайзны урлаг, уран уншлага зэрэг урлагийн 11 номинацийн дагуу зохион байгуулагдсан тус наадамд Монгол Улсын Баян-Өлгий аймаг болон БН Казахстан улсын 14 мужаас нийтдээ 600 орчим хүүхэд оролцож авьяас чадвараа сорин өрсөлдсөн байна. Дөрвөн өдөр үргэлжилсэн тэмцээний дүнгээр уран уншлагын төрлөөр 10 дугаар ангийн сурагч Е.Халима, эстрадын дууны төрлөөр 11 дүгээр ангийн сурагч А.Нурбол нар гран-при шагнал хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн бол охидын "Томирис" хамтлаг 1 дүгээр байранд,  аймгийн Хөгжимт Драмын Театрын дуучин С.Лайла "Шилдэг багш"-аар тус тус шалгарчээ.

Тэмцээнийг Төв Казахстан академийн "Лингва" шинжлэх ухаан, боловсролын төв болон "Тулга.КZ" нийгэмлэг хамтран зохион байгуулсан бөгөөд Баян-Өлгий аймгийн хүүхдүүд ийнхүү гурав дахь жилдээ амжилттай оролцлоо гэж "Дарын" цогцолбор сургуулийн багш З.Бахытбек мэдээллээ. 
Ө.Нурболат
Холбоотой мэдээ