"Монголын хүн амын шим тэжээлийн байдал"-ыг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-06-07 17:24:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Төв Евразийн шим тэжээлийн анхдугаар чуулган "Монголын хүн амын шим тэжээлийн байдал" сэдвийн дор өнөөдөр ЭМЯ-нд эхэллээ.

Чуулганы нээлтэд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав тэргүүтэй зочид төлөөлөгч оролцож, үг хэлэв.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тус чуулганыг нээж хэлэхдээ, “Энэхүү чуулганд Төв Евразийн хоол тэжээл, газар нутаг, цаг агаар, зан заншил зэргээрээ ижил төстэй орнууд оролцож байгаа нь харилцан туршлага солилцох, хамтран ажиллах таатай нөхцөл бүрдэж байна. Шим тэжээлийн тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэх арга замыг бүхий л түвшинд хэлэлцэх зорилготой энэхүү чуулга уулзалтаас гарах зөвлөмжийг УИХ-ын гишүүд болон Байнгын хороодтой хамтран шийдвэрлэхэд бэлэн. Эрүүл мэндээ хамгаалахад хоол тэжээлийн зүй зохистой хэрэглээ нь бага өртөгтэй хэрнээ хамгийн үр дүнтэй арга байдаг. Хүн хоол тэжээлээс авч байгаа шим тэжээлийн чанараас өвдөх эс өвдөх эсэх нь шалтгаалдаг. Манай улсад ходоод, гэдэсний замын өвчлөл нийт өвчлөлийн эхний тавд жагсаж байна. Тиймээс энэхүү чуулган ач холбогдлоо өгч тухайн өвчлөлийг тодорхой хэмжээнд бууруулахад томоохон дэмжлэг болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.

Энэхүү чуулганаар Монгол Улсын хүн амын шим тэжээлийн байдал, түүний эрсдэлт хүчин зүйл, эдгээрээс үүдэлтэй өвчин эмгэгийн тархалтын талаар авч үзэж, Төв Еврази дахь шим тэжээлийн ижил төстэй тулгамдсан асуудалд анхаарал хандуулж, тэдгээрийг Монгол Улс болон бүс нутгийн түвшинд бодитой үнэлж, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх юм.

Төв Евразийн орнуудын хүн амын дунд өргөн хүрээг хамарч буй шим тэжээлийн доройтлын түвшин, түүний эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, тэдгээрээс үүдэлтэй өвчин эмгэгийг бууруулахад чиглэсэн арга замыг тодорхойлон хэрэгжүүлэхэд бүс нутгийн судлаач, эрдэмтэд, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг нягт уялдуулах зорилгоор Казахстан, Тажикстан, АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, ХБНГУ, Швейцар, Япон зэрэг улс орноос эрдэмтэн судлаачид оролцож байна.

Тус чуулган энэ сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ.
 
Ж.Болор
Холбоотой мэдээ