Давсны хэрэглээг багасгах үндэсний стратегийг нийтлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-30 09:15:30

УИХ-ын Тамгын газраас эрхлэн гаргадаг "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 40 дэх дугаар хэвлэгдэн гарчээ.

Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Ялтан шилжүүлэх тухай гэрээ соёрхон батлах тухай Монгол Улсын хуулийг тус тус нийтлэв.

Мөн Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн тухай УИХ-ын тогтоолыг нийтэлсэн байна. “УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасны “...бусад төрийн албан хаагч...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг...эрхэлсэн ажил, албан тушаал...-р ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг зөрчсөн байна” хэмээн Үндсэн хуулийн цэц үзсэн юм.

Түүнээс гадна Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг, Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг тус тус нийтлэв.

Засгийн газрын тогтоолд, нийт хүн амын дунд давсны хэрэглээ өндөр байгааг дурдаад, давс ихтэй хоол, хүнсний үйлдвэрлэл, импорт, худалдаа үйлчилгээ, зар сурталчилгааг хязгаарлах бодлого, эрх зүйн орчин бүрдээгүй, хоол, хүнсний давсны агууламжид тавих төрийн болон хүнс үйлдвэрлэгчийн дотоодын хяналт хийгдэхгүй зэрэг  тулгамдсан  асуудал байгааг онцлон тэмдэглэсэн байна. Тиймээс хүн амын давсны хоногийн хэрэглээг 2025 он гэхэд 2011 оны түвшнээс 30 хувиар бууруулахад энэ стратегийн зорилго оршиж байгаа ажээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ