Хөх сэрхийн нуруу байгалын эко системийг тогтворжуулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-09 11:46:31
Ховд/МОНЦАМЭ/. Эх орны баруун алтайд ан амьтан, жигүүртэн шувууд чуулсан байгалын үзэсгэлэн бүрдсэн газар нутаг олон бий. Хөх сэрхийн дархан цаазат газар Ховд аймгийн Ховд сум, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутгийг дамнан оршдог .Эл ууланд  янгир ямаа их байдаг учраас нас гүйцсэн эр ямааны нэрээр Хөх сэрхийн нуруу гэж нэрлэжээ.
1977 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Хөх сэрхийн нурууг дархан цаазат газар болгосон байдаг. 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуультай нийцүүлэн дархан цаазат газрын ангиллыг нь баталгаажуулсан. Нийт талбай нь 75750 га эзэлдэг. Монгол Алтайн нурууны төв хэсэгт оршдог  Хөх сэрхийн нурууны өвөр тал нь эгц цавчим хавирга, хавцалтай, хад асга ихтэй байхад ар тал нь налуу хад асга багатай, оройн хэсгийн  зарим газар мөнх цастай, шовх оройтой.Зарим хэсэгтээ мөлгөр оройтой,уужим таг, тавцантай.
Газарзүйн тогтоцоо дагаад уулын ар, өврийн ургамалжилт хоорондоо өөр өөр, бас уг нурууны урд,хойд шувтаргын ургамалжилт төвийн хэсгээсээ өөр. Газрын гадаргын хэв шинж, ургамалжилтын ялгаатай байдлаас хамааран эгц цавчим хавцалтай,хад асга ихтэй хэсэгт нь янгир ямаа зонхилон тархана. Харин таг, тавцантай, уужим талбайтай, налуу хэсэгт нь аргал хонь зонхилон тархана.
Хөр сэрхийн дархан цаазат газар байгуулах болсон шалтгаан нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн учир өндөр уулын тууртан амьтан аргаль, хонь, янгир ямааны цөм сүргийг хамгаалахад чиглэжээ. Хөх сэрхийн дархан цаазат газарт алтайн хойлог, эрээн хавирга хахилаг, ооч, ёл, цагаан ахуна, цармын бүргэд гэх мэт олон зүйл шувууд тархан амьдардаг.
Хөх сэрхийн нурууны мөнх цас хийгээд нурууны ар, өврөөс эх авдаг олон гол, горхи, булаг шанд, өндөр уулын цэнгэг нуурыг нэгтгэн үзвэл усан хангамжийн эх булаг болдгоороо онцлогтой.
Дархан цаазат газраас эх авсан гол горхины ачаар олон зүйл ургамал, амьтан амьдарч, өсөж үржих боломжтой.
   А.Бямбасүрэн
 
Холбоотой мэдээ