Монгол эмч нар гол судсан доторх хаалттай хагалгааг амжилттай хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-06-12 12:16:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. П.И.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны тасгийн эмч нар, БНХАУ-ын эмч нартай хамтран гол судасны доторх хаалттай хагалгааг 73 настай өвчтөнд өнгөрөгч долоо хоногийн мягмар гарагт буюу энэ сарын 6-нд амжилттай хийв.

Энэхүү хагалгааг өмнө нь нээлттэй хэлбэрээр буюу өвчтөний хэвлийн тус газарт зүсэлт хийж олон цагийн мэдээгүйжүүлэлттэй хийж байв. Түүнчлэн нээлттэй хагалгаанд орсон өвчтөний амь насанд учрах эрсдэл өндөр байдаг бөгөөд хагалгааны дараах эдгэрэлт харьцангуй удаан байсан аж. Харин энэхүү хагалгааг судсан дотуур хаалттай хийснээр өвчтөнд цус сэлбэх, зүсэлт хийх шаардлагагүй, амь насанд учрах эрсдэл нээлттэй хагалгаанаас маш бага гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Манай улсад гол судасны хатуурал, цүлхэн үүсэх, мурийх зэрэг судасны эмгэг өвчлөл түгээмэл тохиолддог бөгөөд хүндэрсэн нөхцөлд заавал мэс ажилбараар эмчлэх шаардлагатай байдаг аж. Гол судсанд хиймэл судас орлуулах мэс засал нь өндөр өртөгтэй мэс заслын тоонд ордог бөгөөд төрөөс өндөр өртөгтэй мэс заслын төлбөрийн 75 хүртэлх хувийг даах болсноор өвчтөнүүдэд маш их тус дэм болж буйд иргэн С.Лхамжав талархав.

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул тэрээр хэлэхдээ, "Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд аймагтаа шинжилгээ хийлгэж, эхо-д харуултал “Судас өргөссөн, хот руу яв” хэмээн зөвлөсөн. Би ч ийм хүнд зүйл гэж мэдээгүй. Ирэнгүүтээ судасны З.Лхагвасүрэн эмчид үзүүлээд, шинжилгээ өгч зураг авхуулахад эмч нар сандарч эхэлсэн. Танд хагалгаа хийж болно, амь нас аврах боломжтой гэсэн. Гэтэл энэ хагалгааг хийхэд зөвхөн надад тааруулж гадаадаас хиймэл судас авч ирсэн. Ингээд "Чоногол" компанийн нэр дуулдаад очоод уулзтал, тендер авсан компани нь юм байна. Мэс засалд юу л хэрэгтэй, түүнийг гадаадаас захиж авч ирэхээр болсон. Ингээд хагалгааны нийт төлбөр нь 75 сая төгрөг болсон. Төлбөрийг нь эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөөд 25 сая төгрөг болгож хямдруулсан. Ингээд хагалгаанд амжилттай орлоо. Манай эмч, эмнэлгийн ажилтнууд ямар сайхан чадвартай гэдгийг мэдлээ. Хүний төлөө ямар сайхан үйл хийдэг юм бэ гээд баярлаж сууна. Гуравдугаар эмнэлгийн Зүрх судасны тасгийн хамт олон, хагалгаа хийсэн З.Лхагвасүрэн, н.Мөнгөн-Өлзий тэргүүтэй эмч нар, БНХАУ-аас эмч урьж авч ирсэн "Чоногол" компанийн захирал Ө.Байгалмаа болон тус дэм болсон шавь нартаа бүгдэд нь маш их талархаж, баярлаж байгаагаа илэрхийлье” гэв.

Ж.Болор
Холбоотой мэдээ