Гайхамшигт зун

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2017-06-12 17:24:38

Турк гаралтай Германы нэрт кино найруулагч, зохиолч, продюсер Фатик Акиний өнгөрсөн онд хийсэн “Чик” бүтээлээр энэ жилийн “Алтан хальс - 2017” индепендент кино наадам нээлтээ хийв. Тус киног Вольфнганг Херрндорфын хүүхэд, залууст зориулсан ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн юм.

Найруулагч Ф.Акин тус наадмын үеэр айлчлан ирж киноны дараа үзэгчидтэй уулзаж, хэлэлцүүлэг зохион байгуулсан нь “Алтан хальс” наадмын онцлох үйл явдлын нэг байв. Тэрээр 1973 онд Хамбург хотноо төрсөн бөгөөд тус хотын дүрслэх урлагийн сургуульд визуал харилцаа, холбооны чиглэлээр суралцсан байдаг. 1988 онд бүрэн хэмжээний анхны бүтээл болох “Хурдан, бас өвдөхгүй” киногоороо Локарногийн кино наадмаас “Хүрэл ирвэс”, Баварийн кино наадмаас “Шилдэг залуу найруулагч”-ийн шагналыг тус тус хүртсэн билээ. Мөнхүү өөрийн нэрийн хуудас болсон “Хананы эсрэг” хэмээх бүтээлээрэээ Берлиний олон улсын кино наадмын “Алтан баавгай” шагналыг хүртсэн нь Германы кино урлагт хийсэн эргэлт, цоо шинэ тэсрэлтүүдийн нэг байсан юм.

Одоо харин ярих гэсэн зүйл рүүгээ ороё. Тус кинонд Майк, Чик гэх өсвөр насны хоёр хүүгийн зуны амралтын талаар өгүүлдэг. Өөрийн үзэл бодлоос болж ангийнхандаа шоглуулж, шоолуулдаг Майк хүү оросоор шилжиж ирсэн Чиктэй танилцсанаар бүх зүйл өөрөөр эргэнэ.

Ангийн охин Татяна төрсөн өдрийн үдэшлэг зохиож бүх хүүхдүүдийг урих боловч Майк, Чик хоёрыг урьсангүй. Гэвч тэд үдэшлэгт очиж охинд бэлэг өгчихөөд тэндээс гарч одно. Маргааш нь Чик хулгайлсан машинтайгаа Майк дээр ирж зугаалах санал тавьснаар тэдний аялал эхэлдэг. Өмнө нь нээж дуусашгүй хорвоо ертөнц, олон олон гайхалтай учралууд хүлээж буйг тэд зөнгөөрөө мэдрэнэ. Энэ нь магадгүй өсвөр насны хүүхдийн өөрийгөө олж мэдэх, таних арга замын эхлэл ч юм бил үү гэсэн бодол төрнө. Эцэст нь ачааны машинтай мөргөлдөснөөр аялал өндөрлөж Чик хаашаа ч юм одож Майк гэртээ ирнэ. Гэхдээ тэд эргэн уулзана гэдгээ сайн мэддэг. Удахгүй хичээл орох үед аялал нь нэгэнт дурсамж болж сэтгэлд нь үлдсэн байдаг.

Үнэндээ бид заримдаа дурсамжаас бүтэж бүрэлдсэн амьдралыг туулж өнгөрүүлэх мэт мэдрэмж үе, үе төрдөг шүү дээ. Үүнийг “Чик” кино харуулж чаджээ. Тэгээд ч “Орших уу, эс орших уу” гэдгийн адил дурсамж хоосон хийгээд бодит чанартай зүйл билээ.

Мөнхүү тус киноны гол дүр болох Чик буюу 14 настай орос хүү Андрей Чихачёвын дүрийг Б.Ананд хэмээх монгол залуу бүтээсэн нь нэлээдгүй анхаарал татсан билээ. Киноны үйл явдал хэдийгээр гол дүр Майкийн хүүрнэснээр өрнөх боловч "Чик"-ийн дүр нь илүү сонирхол татам. Өмнө нь кинонд тоглож байгаагүй 14 настай монгол хүү Б.Ананд Чикийн дүрийг чадварлагаар бүтээсэн бөгөөд жүжигчин хоёр хүү хамтдаа хэд хэдэн кино наадмын шилдэг залуу жүжигчний шагналыг хүртсэн юм.

Б.Ананд 2001 онд Мюнхен хотноо төрсөн бөгөөд халимаг үстэй, нүдний шил бүхий даруухан залуу маань кинон дээр зүггүй, амьдралд бодитоор хандаж сураагүй өсвөр насны хүүгийн дүрийг нэн чадварлагаар бүтээсэн бахархууштай үйл явдлын нэг байв. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг бичвэрийнхээ төгсгөлд уншигчиддаа толилуулж байна.
 
Б.Ананд: Хоёрхон сарын дотор л дүрсгүй Чик болоод хувирчихсан

-Эх орондоо ирээд, монголчуудтайгаа хамт сууж тоглосон киногоо үзлээ шүү дээ. Сэтгэгдлийг тань сонсмоор байна?
-Сэтгэл маш өндөр байна. “Алтан хальс - 2017” олон улсын индепендент наадмыг нээж анх удаа гол дүрд нь тоглосон бүтээл маань гарлаа. Хамгийн гол нь эх орондоо ирэхэд сайхан байлаа, сэтгэл их догдолсон. Басхүү кино гарахын өмнө их сандарч байсан. Харин үзэгчдийн алга ташилтаас их урам авлаа.

-Анх кинонд тоглох санал хэрхэн ирсэн бэ?
-Аавын цахим шууданд кино сонгон шалгаруулалтын зарлал ирсэн байсан. Аав надад тэр талаар мэдээлэл өгсөн. Харин би авга ах Ч.Баттөвшинтэй хамтарч видео бичлэг хийж, сонгон шалгаруулалтын баг руу илгээсэн. Тэгсэн шалгаруулалтанд тэнцээд дөрөвт үлдчихсэн. Тэгээд л 2015 оны зун шалгаруулалт дуусахад гол дүрд тоглохоор болсон. Хамгийн гол нь Чик гэх хүү маань зохиолдоо ази төрхтэй, орос хүүхдийн дүрээр амилдаг. Тиймээс ч гадаад төрх минь тус кино шалгаруулалтанд тэнцэх томоохон давуу талыг олгосон хэрэг.

-Герман гэлтгүй дэлхийн алдартай найруулагчдын нэгт зүй ёсоор тооцогддог Акинтай хамтарч ажилласан шүү дээ. Тэгэхээр шалгаруулалт нэлээд хүнд, амаргүй байсан болов уу?
-Тийм ээ. Маш сайн шалгаж, бусад дүрүүд болон, өөр хүүхдүүдтэй хамт жүжиглүүлж байж эцсийн сонголтыг хийсэн.

-Акин найруулагч хамтарч ажиллахад ямархуу зан араншинтай хүн шиг санагдав. Өмнө нь бүтээлүүдийг нь үзэж байсан уу?
-Кинонд тоглох болсноосоо хойш зарим нэг бүтээлүүдийг нь үзсэн. Маш хүчтэй, хурц зураг авалтуудыг хийдэг киноныхоо утга санааг тодорхой гаргаж өгдөг нь их таалагдсан. Акин найруулагч бусдыг уурлаж зандрах нь ховор, үргэлж инээж явдаг. Хийж буй ажлаа чин сэтгэлээсээ хайрладаг, ажил хэрэгч, хөдөлмөрч хүн. Зураг авалтын талбайг хөөр баяслаар дүүргэдэг тийм найруулагчтай хамтарч ажиллахад үнэхээр сайхан байсан.

-Өөрөөсөө тэс ондоо хүнийг бүтээнэ гэдэг амаргүй. Тэгээд ч анх удаа кинонд тоглож байгаа болохоор хэцүү зүйлс тохиолдож байв уу?
-Үнэхээр Чик, амьдрал дээрх Ананд хоёр тэс өөр хүмүүс л дээ. Гэхдээ жүжиглэхэд даван туулж чадахааргүй хэцүү зүйл тохиолдоогүй. Хүн нэг төлөвт бие сэтгэлээ уусгаж удаан бэлдэхээр амархан автчихдаг юм билээ. Хоёрхон сарын дотор л дүрсгүй, саваагүй зантай Чик болоод хувирчихсан.

-Чиний бодлоор тус киноны гол утга санаа юу юм бол оо?
-Их олон зүйлийг илэрхийлсэн байх. Акин найруулагч ганцхан санаан дээр тулгуурлаж, түүнийгээ тойрсон кино хийдэггүй. Хамгийн гол нь өөрийгөө чөлөөтэй нээж, найз нөхөдтэй болж, мартагдашгүй сайхан дурсамжийг бүтээх хэрэгтэй гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон гэж боддог.

-Монголд жил бүр ирдэг үү, хааяа зочилдог уу?
-Уг нь жил бүр ирэхийг хичээдэг ч гэлээ хичээл, ном ихтэй учраас хааяа зав гардаггүй. Эмээ, өвөө минь энд байдаг учраас тэднийгээ болон, нутгаа их санадаг. Зун хөдөө очиж, морь унах хамгийн сайхан байдаг.

-Цаашдаа кино урлагийн салбарт хүч үзэх үү эсвэл чи өөр мөрөөдөлтэй юу?
-Кинонд тоглосноос хойш хүсэл, мөрөөдлийн хувьд өөрчлөгдөж эхлээд байгаа. Уг нь би сагс тоглох дуртай. Мөн жүдогоор хичээллэдэг. Харин сүүлийн үед кино урлагт дуртай болж, сайхан кинонууд үздэг болоод байгаа.

-Кинонд тоглох санал ирсэн үү?
-Герман кинонд тоглох хэд, хэдэн санал ирсэн. Гэхдээ юун түрүүнд сургуулиа амжилттай төгсөх хэрэгтэй учраас хичээлдээ л анхаарч байна. Магадгүй кино урлагт дахиж хүч үзэж, өсөн дэвжиж, том уран бүтээлч болохыг үгүйсгэх аргагүй.

-За, баярлалаа. Чамд амжилт хүсье.
-Баярлалаа.




 
Б.Алтанхуяг
Холбоотой мэдээ