"Оросын баяр"-ын өдрөөр эмх замбраагүй байдал үүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2017-06-13 17:30:53
 Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 12-ны өдрийг ОХУ-д “Оросын өдөр”-ийг тэмдэглэх үеэр ОХУ-ын нийслэл Москва, мөн томоохон хотуудад олныг хамарсан жагсаал, цуглаан боллоо.
 
Авлигатай тэмцэх сангийн тэргүүн Роман Рубанов Сахаровын өргөн чөлөө гэх газар 15 мянган хүнийг хамарсан авлигын эсрэг жагсаал зохион байгуулахаар эртнээс бэлтгэн Москва хотын удирдлагуудаас зөвшөөрөл авсан байжээ. Энэхүү жагсаал нь цагдаа хүчний байгууллагын хяналтан дор болсон бөгөөд эмх замбараагүй байдал үүсээгүй юм. Жагсаалд нийт 1,8 мянган хүн оролцжээ.  
Харин хотын удирдлагаас зөвшөөрөл аваагүй олныг хамарсан жагсаал мөн л өчигдөр Москва хотын төв Тверская гудамжинд болов.Энэхүү жагсаалд 4,5 мянган хүн оролцсон бөгөөд 150 гаруй хүнийг цагдаа нар баривчилжээ. Жагсаалыг зохион байгуулагч Алексей Навальный мөн цагдаа нарт баривчлагдсан юм. Тэрээр гуравдугаар сард жагсаал цуглаан өрнүүлсэн хэргээр цагдаад баривчлагдаж байв. Дахин эмх замбараагүй байдал үүсгэсэн түүнийг Москва хотын шүүх нэг сарын хугацаанд саатуулах шийдвэр гаргажээ.  
 
Тверская гудамжинд болсон эмх замбараагүй байдлын улмаас цагдаагийн нэг ажилтан шархадсан байна. Тодруулбал жагсаалд оролцож байсан нэгэн иргэн цагдаагийн нүдрүү үл мэдэгдэх хийн бодис шүршсэн аж.
 
6 дугаар сарын 12-ны өдөр авлигын эсрэг жагсаал цуглаан зөвхөн Москва хотод төдийгүй ОХУ даяар болов.Орон даяар болсон эмх замбараагүй цуглааны үеэр Сочи хотод 50, Тулад 20, Великий Новгородод 15, Калининградад 30, Владивостокт 22, Норильскд 10 хүн тус тус баривчлагджээ.

Москва хот
Л.Нандинцэцэг
Холбоотой мэдээ