БХ-ын сайд Ц.Цолмон АНУ-ын Элчин сайдыг хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-30 18:03:56

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Женифер Зимдал Галтыг Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар сайд Ц.Цолмон АНУ-ын Элчин сайдтай уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн, цаашдын харилцаа, хамтын ажиллагааны төлөв, чиглэлүүдэээр хэлэлцэн, харилцан ярилцаж, санал солилцов. Хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааны хөгжлийн 25 жилийн хугацаанд салбарын харилцаа, хамтын ажиллагаа өндөр төвшинд гарсныг талууд уулзалтын эхэнд цохон тэмдэглэв. Газар зүйн болон стратегийн байршил нь Монгол Улсыг хоёр хөрштэйгээ эн тэнцүү харилцахыг шаардахаас гадна АНУ болон бусад гуравдагч хөршүүдтэй харилцааг хөгжүүлэх шаардлагыг бий болгож байгааг сайд Ц.Цолмон онцлоод АНУ-ын зүгээс үзүүлж буй харилцаа, дэмжлэг, тусламж нь Монгол Улсын хувьд бүс нутгийн харилцаанд өргөн хүрээнд оролцох, бусад улс орнуудтай хамтран ажиллах боломж олгож байгааг дурдав.

Батлан хамгаалах хамтын ажиллагааны чиглэлээр хоёр тал олон арга хэмжээг зохион байгуулж байгаагийн зэрэгцээ Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд АНУ-ын цэргийн бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа нь хоёр орны цэргийн харилцааны өндөр төвшинг илтгэн харуулж байна. Энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, харилцан айлчлал, солилцоог өргөжүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд ашиглах техник хэрэгслийн тусламж, худалдан авалтын талаар цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай саналаа АНУ-ын Элчин сайд илэрхийллээ. Монгол Улсаас хэрэгжүүлэх гэж буй төвийг сахих бодлогын талаар АНУ анхааралтай харж, судалж байгаа талаар элчин сайд Женифер Галт тэмдэглээд төвийг сахих бодлого нь Монгол Улсын гадаад бодлогод эерэг нөлөө авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Уулзалтад БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч, бригадын генерал Ч.Сосорбарам, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нар оролцлоо.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ