А.Гэрэл:Юмханаар юм хийж хөдөлмөрлөх нь миний дуртай ажил

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-16 20:27:25
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн иргэн Авжийн Гэрэл хэмээх хөдөлмөрч эмэгтэйтэй уулзаж ярилцлаа. Тэрээр сумандаа шахмал түлш үйлдвэрлэж өөрийн сурсан мэдсэнийг ажилгүй эмэгтэйчүүдэд зааж сургадаг ажээ.
-Сайн байна уу?  Өнөөдөр танайхыг зорьж ирсэн шалтаан минь таныг олон төрлийн ажлыг давхар амжуулж, аргалаар шахмал түлш үйлдвэрлэдэг гэдгийг тань сонсоод ирлээ. Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?
-Манай аав  Өгөөмөр бригадын багийн даргаас эхлээд нэгдлийн аж ахуйн дарга гээд Завхан аймгийн Алдархаан сумд ажиллаж амьдарч байсан хүн.  Ээж маань Алдархаан сумын эмийн санд эм найруулагч хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Бид эхээс ах дүү арвуулаа.  Хоёр эрэгтэй,  найман эмэгтэй. Манай ээж их юм оёдог байсан. Үүнийг нь би үлгэрлэсэн юм шиг байгаан. Бас заваараа зүгээр суухгүй үйл урлана аа. Гэхдээ өвлийн улиралд үйлээ урладаг.  Зундаа үхрийнхээ  идээ цагааг борлуулаад зав болдоггүй. Захиалгаар хэвийн ааруул, тавагны ааруул гээд бүх л ааруулыг хийнэ. Хажуугаар нь шахмал түлшээ хийнэ гээд их л завгүй суудаг юм.
-Та гэр бүлээ танилцуулаач?
-Манай гэрийн хүн  өнгөрөөд 27 жил болж байна. Манайх дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүдээ хүнээс дутаахгүй эрдэм номтой ажилтай хүн болгохыг зорьж явсаар өдий хүрсэн. Өнөөдөр миний хүүхдүүд бүгд дээд боловсрол эзэмшээд улс орондоо мэргэжлээрээ ажиллаж байна.  Эдийн засагч, түүхийн багш,  биеийн тамирын багш, урлагийн хүн гээд миний хүүхдүүд бүгд ажилтай тусдаа амьдралтай явж байна.
-Таны шахмал түлш ямар давуу талтай юм бол?  Хүн бүр л их сайхан түлш гэлцэх юмаа?
-Та бүхэнд баярлалаа. Манайх  хувьдаа  30 -аад үхэр саадаг. Хүүгийнхтэйгээ нийлээд зуны улиралд үхрийн баасаар түлш хийдэг. Энэ түлш минь их олон талын ашигтай. Өнөөдөр сумын албан газрууд нүүрсний хог хаядаг. Энэ хог нь ямар ч ашиглалтгүй хог болоод үлддэг. Тиймээс энэ хогийг ашиглаад түлш хийвэл зүгээр юм гэж нойтон аргалтайгаа холиод шахмал түлш хийе гэж анх хийж эхэлсэн. Бизнес маань их амжилттай байгаа. Хэн ч ашигладаггүй хог болдог зүйлийг эргээд хүнд ашигтайгаар хэрэглээд жижиг гэлтгүй үйлдвэрлэл эрхлээд эхлэхээр үр өгөөж их байна аа. Мөн хөрөө рамтай газруудын модны үртэсийг авч хольдог. Тэгэхээр түлш минь их илчтэй, удаан шаталттай болж байгаа.
-Захиалга, хэрэглэгч хэр байна вэ?
-Анх шахмал түлш үйлдвэрлэж эхлэхдээ зөвхөн өөрийн хүүхдүүд, ах дүү хамаатан садангийнхаа айл өрхийн өвлийн түлшийг бэлддэг байсан. Харин одоо бол захиалга тасрахгүй байна. Сонирхсон, хэрэглэж үзсэн улсууд их авч байгаа. Захиалгаар болон өөрийнхөө, бас хүүхдүүдийнхээ түлэх түлшийг жил бүр бэлдчихдэг. Миний хувьд хүүхдүүдтэйгээ нийлээд  зундаа түлшээ бэлдээд хийчихдэг. Өдөртөө л заваараа хийчихдэг юм. Энэ жил долоон дахь жилдээ хийж байгаа. Ирэх намраас манай сумын зарим албан газар, айл өрхүүд захиалгат айлуудаас гадна нэмж шахмал түлшнээс захиалга өгсөн байгаа. Мөн манай сумын төвийн үхэртэй 27  айл  миний туршлагаар гэртээ өөрсдийн хэрэгцээний түлшийг зундаа хийж эхэлсэн. Сумын төвийн үхэртэй айл бүр хийж эхэллээ. Энэ түлшний хямд төсөр, зардал багатай ашиг тустайг мэдэж эхэлж байгаад баярлаж л суудаг юм. Бас чамгүй өөрийн технологийг зааж өгдөг шүү.  
-Шахмал түлшний гол технологи маань юу байдаг вэ?
-Үхрийн баас, нүүрсний хог, шаг, модны үртэс л байхад шахмал түлшний орц бүрдчихнэ.  Өглөө бүр үхрийнхээ нойтон баасыг 70 хувь, үлдсэн 30 хувьд нь модны үртэс, нүүрсний шагаа холиод сайтар хутгаад хэвлээд хатаачихна. Ингээд л их хялбар аргаар дулаан, илч ихтэй, утаа бага гардаг, хямд төсөр өвлийн түлшээ бэлдчихнэ шүү дээ. Ер нь бол үхэртэй айлууд үхрийн баасаа түлшиндээ хэрэглэх нь хөдөө хотгүй багасчээ. Байгалийн мод, бургасаа хайр найргүй түлж байна шүү дээ. Үүний оронд залхуугүй бол хямд төсөр аргаар хог болоод байгаа эдгээр зүйлүүдээр өвлийн түлшээ бэлдчихнэ гэдгийг л манай иргэд сайн ойлгох хэрэгтэй санагддаг юм.  Манай ах дүү хамаатан садан, хүүхдүүд маань түлшинд мөнгө үрдэггүй. Өөрсдийн гараар бэлдсэн энэ түлшээрээ л өвөлдөө болгочихдог. Амьдралд хэрэггүй зүйлд мөнгө үрэхгүй шүү.
-Нүүрсний шаг, үртэсээ та үнэлж авдаг уу?
-Өө ёстой үнэлж авдаггүй. Нүүрс түлдэг албан газруудын үлдсэн нүүрсний шаг хог болохоор хогийн цэгт л ачигдана шүү дээ. Тэгэхээр хогруу ачигдахаас нь өмнө хэлээд л авчихдаг юм. Ер нь нунтаг нүүрс ашиглагдахгүй үлддэг юм билээ. Бас хөрөө рамтай газруудын модны үртэс хүртэл ямар ч ашиглалт байхгүй хог л болдог. Тэгэхээр манай шахмал түлшний түүхий эд бол бидний хог гээд хаяж байгаа л зүйлс шүү дээ.
-Ойролцоогоор өдөрт хэчнээн ширхэг түлш гаргаж байна?
-За ер нь өдрийн үндсэн ажлынхаа хажуугаар заваараа хийхэд 160 ширхэгийг хийдэг. Нэг литрийн шанаганы толгойгоор хэвлээд хийдэг юм.  Энэ нь хатахаараа арай бага хэмжээтэй цул болдог юм.  
-Түлшээ хэдэн төгрөгөөр зардаг вэ?
-За даа бараг зардаггүй. Захиалгаар хийдэг. Ах дүү нартаа өгөөд ядарсан хүмүүст өгчихдөг юм. Хааяа яахуу цаад хүнтэйгээ яриад хямд өгнөө. Үнэтэй биш /инээв/.  
-Таныг өөрөө хөдөлмөрлөхөөс илүү сумынхаа ажилгүй эмэгтэйчүүдэд их тусалдаг гэж сонслоо?
-Тэгэлгүй яахав. Ажлынхаа хажуугаар ажилгүй ганц нэг эмэгтэйчүүдэд өөрсдийнх нь сонирхлоор бага сага юм зааж өгч, өөртөө туслуулж амьдралд нь дэмтэй л явдаг юм. Зарим нэг ганц бие настай эмэгтэйчүүдийг дэргэдээ авч ажилдаа туслуулж хооллож ундалж бага сага нэмэр болдог л юм.
-Зундаа ойролцоогоор хэчнээн ширхэг түлшийг үйлдвэрлэдэг вэ?
-За даа ойролцоогоор 6000-7000 орчим ширхэг түлш хийдэг. Ер нь нэг айл жилдээ 400-500 орчим ширхэгээр өвөлждөг юм билээ. Гэхдээ монгол гэртүү, байшиндуу гэдгээсээ шалтгаалаад өөр өөр хэрэглээтэй байдаг. Ер нь түлээд, түлээд бардаггүй зарим дулаан өвөл бол. Түлш маань их илчтэй байдаг. Бас нүүрсний утаа үнэртээд байхгүй сайхан аргалын утаа үнэртээд цогшоод их сайхан байдаг. Засаг дарга таны энэ түлшийг манай сумд 27 айл хийж байна гэж байсан. Айлууд эхлээд ганц нэгээр нь авч үздэг. Одоо Дөрвөлжин рүү захиалгаар авдаг. Ядарсан хүмүүст өгнө үү гэхээс нэг их зараад байдаггүй.
-Энэ түлшийг хийхээс өмнө танайх мод л түлдэг байсан байх. Одоо энэ түлшийг хийснээр жилд хичнээн төгрөгний мод түлээний мөнгийг хэмнэж чадаж байна вэ?
-Тэгэлгүй яахав энэ түлшийг хийж эхлэхээс өмнө манай нутгийнхан уулын мод бургас л түлдэг байлаа. Нэг өвөл нэг куб мод хоёр портер машин бургас авч өвлийг давдаг байсан. Өнөөдөр нэг портер машин бургас 140-150 мянган төгрөг байдаг. ЗМЛ-130 машин мод бараг 600,000 төгрөг байна.  Ингэхээр жилд бараг сая төгрөгний модыг нэг айл түлж байгаа юм. Хайран мөнгө шүү. Тэгээд миний эргэн тойрны айлууд нэг өвөл хэрэглэдэг түлшний мөнгө нь бараг зургаан сая гарчихаж байгаа юм. Тэгэхээр энэ их мөнгийг хэмнэсэн энэ түлшний минь хэрэглээ, өсөхөөс ч яахуу дээ. Бид өвлийн түлш түлээгээ айл хотлоороо ах дүү саднаараа зундаа бие биендээ дэм болоод ингээд хийчихээр наанадаж бидний эдийн засагт хэмнэлттэй. Цаанадаж бид байгаль орчноо хамгаалчихаж байгаа юм. Байгалийнхаа мод бургасыг огтолж түлэхгүй, байгаль дээр хог болоод байгаа зүйлээ эргээд ашиглачихаж байна шүү дээ. Манай үхэрнүүд бүр сурчихсан өглөө уяатай байж байгаад л баачихаад явна. Тэгээд л баасыг нь хамаад авчихдаг гэдгийг л сурчихаад байна шүү дээ./инээв/
-Танайх их цэвэрхэн нямбай айл харагдлаа. Та энэ их ажлыг өдөрт ганцаараа нугалж амжуулна гэхээр ер нь амждаг уу?
-Би 60 настай. Бүх юмаа дэс дараатай хийгээд сурчихсан. Орой унтахдаа бодоод л унтана. Өглөө тийм юмаа эхэлж хийнэ дээ гээд л. Өглөө тав болгоод л босдог. Босоод үхэрээ саачаад  түлшээ хийгээд сүү саалиа хийнэ. Надад тийм хууч өвчин янз бүрийн юм байдаггүй. Зундаа сүү цагаагаар идээ ундаагаа болгож өвөлдөө мах их идэх хэрэгтэй гэж хүүхдүүддээ сургадаг юм. Зуны улиралд ажил их хийж сүү цагаагаа хэрэглээд сурчихвал хүний ходоод дотор гэмгүй. Өвөлдөө малынхаа махыг идчихээр илч ихтэй гээд манай хууччуул сургадаг байсан. Миний мэргэжил тогооч шүү дээ. Алдархаан сумынхаа сургуулийн гал тогоонд  35 жил тогоочоор ажиллаад тэтгэвэртээ гарсан. Ерөөсөө ганцхан газар л ажилласан байгаа юм. Говь-Алтай аймагт Хүнсний ТМС төгсөж хүрч ирээд л сургуульд ажилд орсон. Аав ээжээс үлдсэн хэдэн малынхаа буяныг таслахгүй л авч явж байна даа.
-Та залуучуудад юуг захиж хэлэх вэ?
-Би хүүхдүүддээ ч ойр дотныхондоо  ч хэлдэг юм юмыг хийе гэж бодсон бол шантарч болохгүй,  сэтгэл байхад хүн хийж л байхад заавал амжилтанд хүрнэ. Би дөрвөн нялх хүүхэдтэй хоцорчоод хэзээ би эд нарыг сургуулийг нь төгсгөнө дөө л гэж бодож байсан. За эхлээд бүгдийг нь 10 төгсгөнө дөө гэж бодоод л төгсөхөөр нь их сургууль төгсгөнө дөө л гэж бодсон бүгдийг нь л төгсгөсөн. Хүн ахиад л байдаг юм билээ.  Дараа нь за одоо нэг айл болгочих юмсан гээд л бодсон. Одоо бүгд тусдаа гараад л хотод амьдардаг хоёр нь байртай,  аймагтаа байгаа хоёр нь өөрсдөө байшинтай болсон гэхдээ миний нэмэр байлгүй яахав. Миний хүүхдүүд ер нь их хөдөлмөрч. Ирэхээрээ надад их нэмэр болдог. Багаасаа биеээ даагаад сурчихсан. Сайхан амьдрах санааных шүү дээ ер нь. Цаашид залуучууд маань ажлыг гололгүй юмханаар юм хийж амьдралыг залхуугүй л өнгөөхийг хүсч байна. Өдөр бүр өөрийгөө завгүй л байлга. Хий дэмий их мөнгө олохдоо биш. Өдөр бүр өөрт хэрэгтэйг хийж л байвал аяндаа болдог л юм.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ