Сонгуульд шударга өрсөлдөхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-17 22:21:40
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дэд дарга Г.Батжаргал орон нутгийн сэтгүүлчдэд хандан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаанд хууль бус хэд хэдэн үйлдэл гарсныг мэдээлэв.
Энэ сарын 14, 15, 16-ны шөнө МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сурталчилгааны самбарыг урж гэмтээх үйлдэл гарсан бол машинаас зурагт хуудсыг хуулж хаях, айлгаж сүрдүүлэх үйлдлүүд ч гарчээ. Мөн сарын 13-14-нд шилжих шөнө МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сурталчилгааны гэрийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын АН-ын гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Б.Мэндбаяр машинаараа дайрч, санаатайгаар эвдэж гэмтээсэн байна. 
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн сурталчилгааны хүрээнд Богд сумын иргэд хөдөлмөрчидтэй хийх уулзалын үеэр Д.Сосорбарам, н.Нүрзэд, Д.Жаргалсайхан нар "АН-ын дэвшигчийг дэмжвэл ипотекийн зээлээс бусад бүх зээлийн төлбөрийг төр хариуцна" гэх зэрэг худал мэдээллийг, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй зүйлсийг ярьсан болохыг хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.4 дэх хэсэгт заасан Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээ хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл аж. Хууль бус тус үйлдлүүдийг шалгуулахаар МАН-ын хорооноос аймгийн Цагдаагийн хэлтэст хандсан бөгөөд тус газрынхан хэргийг шалгаж эхэлжээ.
Түүнээс гадна МАН-ын хорооноос иргэдэд мөнгө амласан гэх худал цуурхлыг тарааж байгаа нь өрсөлдөгчдийн шууд явуулга болохыг тэрээр хэллээ. Харин өрсөлдөгч АН-ын штабынхан сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан нь баримтаар нотлогдсон гэдгийг онцлов.
Тодруулбал, АН-ын гишүүн н.Ёндондаш цагаан өнгийн Приүс 11 машинтайгаа Баянхонгор сумын Угалз дөрөвдүгээр багийн айл өрхөөр явж "АН-ын нэр дэвшигчийг дэмжээрэй, Х.Баттулгыг сонгоорой" гээд 20.000 төгрөг тарааж явсан болохыг баримтжуулсан гэв. Тухайн асуудлыг зохих байгууллагуудад хандаж, шалгуулна гэдгээ мөн хэлсэн.
Тиймээс МАН-ын хорооноос бусад нэр дэвшигчиддээ хандаж сонгуулийн сурталчилгаагаа хуулийн хүрээнд хийхийг, нийт иргэддээ сонгуульдаа идэвхтэй оролцож, хараат бус сонголт хийхийг уриаллаа.
                                                                                                                                                           Б.Мөнхзул
Холбоотой мэдээ