"Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлттэй хаалганы өдөр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-20 09:20:57
Архангай /МОНЦАМЭ/. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлттэй хаалганы өдөр Архангай аймагт энэ сарын 18-нд боллоо. Энэ өдөрлөгөөр улсын клиникийн төв эмнэлгүүд болох нэг, гуравдугаар төв эмнэлэг, ХСҮТ, Халдварт өвчин судлалын үндэсний төв, ЗӨСҮТөв, АШУҮИС болон Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмч нарын баг аймгийн хүн амд хепатитын вирусын халдвараас урьдчилан сэргийлэх сурталчилгаа, элэгний хорт хавдрын ирлүүлэг, оношлогоонд хамруулах, эрүүл мэндийн төрөлжсөн тусламж үйлчилгээг бүтэн өдрийн турш үзүүллээ.

Энэ үеэр хавдар, халдварт, гэмтэл, дотоод шүүрэл, дотор, зүрх судасны эмч нар иргэдэд эмчийн үзлэг хийж, хавдар болон хэвлийн эхо, зүрх судасны бичлэг, рентгэн шинжилгээ зэрэг эрүүл мэндийн тусламж үзүүлсэн бөгөөд нийт 1000 орчим хүн үнэгүй үзлэг оношлогоонд хамрагдсанаас хавдрын сэжигтэй хоёр, сүрьеэгийн сэжигтэй 10 тохиолдлыг илрүүлжээ. Энэхүү өдөрлөгийн арга хэмжээнд иргэд ч сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний В вирус илрүүлэх шинжилгээнд Архангай аймагт 7689 иргэн буюу хамруулах ёстой зорилтод бүлгийн 45 хувь нь хамрагджээ. Ирэх 7 дугаар сар гэхэд эрт илрүүлэг шинжилгээг авч дуусгах юм байна.
 
Архангай аймгийн хувьд “Элэгний эмгэггүй Архангай ” хөтөлбөр хэрэгжиж 40-65 насны 21700 иргэдийн 81,1 хувийг С вирусын эрт илрүүлэг шинжилгээнд хамруулснаас 3447 иргэний С вирустай болохыг тогтоосон. Үүнээс С вирусын идэвхжилтэй 590 гаруй иргэн “Харвони” эмийг үнэ төлбөргүй, эмчийн хяналтанд ууж байгаа юм. Аймгийн хэмжээнд 136 иргэний эмийн эмчилгээ дууссан байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд элэгний хавдрын сэжигтэй 13 хүн илрүүлснээс долоон хүнийхийг эрт үед нь эмчилгээнд хамруулж чаджээ. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтээрээ улсын хэмжээнд загвар аймаг болж байгааг ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлж байв.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ