Монгол хүний дундаж наслалт 69.5 байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
gantuya@montsame.mn
2017-06-20 10:51:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол хүний Эрүүл мэндийн үзүүлэлтийн талаарх мэдээллийг багтаасан “Эрүүл мэндийн үзүүлэлт 2016” номын нээлт өнөөдөр Улаанбаатар зочид буудалд боллоо. 
Уг номыг Англи, Монгол хэл дээр хэвлүүлэн бүх түвшний мэдээлэл хэрэглэгчид, төрийн байгууллагууд,  олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагуудын 300 гаруй мэдээлэл хэрэглэгчдэд үнэ төлбөргүйгээр түгээдэг аж. Эмхэтгэлийн мэдээллийг хэрэглэгчдэд танилцуулах, түгээх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор танилцуулах уулзалтыг жил бүр зохион байгуулж УИХ, Засгийн газар, ЭМЯ, ДЭМБ, ҮСХ, нийслэлийн эрүүл мэндийн газар, төв эмнэлэг тусгай мэргэжлийн төвүүдийн удирдах ажилтнууд, төрийн бус байгууллагын 50 гаруй мэдээлэл хэрэглэгчдийг хамруулдаг юм байна. 

“Эрүүл мэндийн үзүүлэлт” номонд дурдсанаар: 2016 онд
  • Монгол хүний дундаж наслалт 69.57
  • Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.10
  • Эрэгтэйчүүдий дундаж наслалт 65.58 байна.
  • Эмнэлгийн нэг оронд ногдох хүний тоо 134 
  • Нэг их эмчид ногдох хүний тоо 309 байна.
Монгол Улсын хүн ам 2016 оны жилийн эцсийн байдлаар 3 сая 119.9 мянга болж, нийт хүн амын 68.9 хувь нь хот суурин газар, үлдсэн 31.1 хувь нь хөдөө амьдарч байна.
2016 онд улсын хэмжээнд 77803 эх амаржсан нь 2015 онтой харьцуулахад төрөлт 2631 тохиолдлоор буюу 3.3 хувиар буурсан байна. Улсын хэмжээнд 78194 хүүхэд амьд төрсөн ба 1681 нь хоёр ихэр, 27 нь гурван ихэр хүүхэд байна.
Хүн амын нас баралтын ерөнхий коэффициент 1990 онд 7.9 байсан бол бол 2016 онд уг үзүүлэлт 5.2 болж 1990 онтой харьцуулахад 2.7-аар буурсан үзүүлэлттэй байна.
10000 хүн тутмын 2749 хүн давхардсан тоогоор хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг авч, жилд нэг иргэн 5.5 удаа амбулаторийн тусламж үйлчилгээ авсан байгаа нь жилээс жилд тусламж үйлчилгээний хүртээмж өсөж байгааг харуулж байна гэжээ. 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ