Мексикт анх удаа Америкийн улсуудын байгууллагын Ерөнхий Ассамблей болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-20 16:21:41
КАНКУН./TASS/. Мексик улсын Ерөнхийлөгч Энрике Пеньи Ньето үг хэлснээр Америкийн улсуудын байгууллагын /АУБ/ 47 дугаар Ерөнхий Ассамблей даваа гарагт нээгдлээ. Латин Америкийн энэ улсад анх удаагаа бүс нутгийн томоохон байгууллагын чуулга уулзалт болж байгаа нь энэ юм. 

Тус байгууллагын бүрэлдэхүүнд Хойд, Өмнөд, Төв Америкийн 30 гаруй орон багтдаг байна. Хоёр өдрийн хугацаанд чуулга уулзалтад оролцогчид ардчилал, хүний эрх, эрх зүйт төр, аюулгүй байдал, хөгжлийн хэтийн төлөв болон бусад асуудлаар санал бодлоо солилцоно.

Ерөнхий Ассамблейн нээлтийн ёслолын өмнө АУБ-ын гишүүн ихэнх орнуудын Гадаад хэргийн сайд нар оролцсон уулзалт болж, Венесуэлийн байдлыг хэлэлцсэн боловч үр дүнгүй дууссан байна. Гватемалын Гадаад хэргийн сайд Карлос Моралес энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж хэлсэн боловч яг хэзээ гэдгийг дурдсангүй. Венесуэлийн Гадаад хэргийн сайд Дельси Родригес Канкунд хүрэлцэн ирсэн хэдий ч "чуулга уулзалтаас гарах шийдвэрийг манай улс хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдэгджээ.

4 дүгээр сарын сүүлчээр АУБ Венесуэлийн хямралыг хэлэлцэх гэж байсан боловч Каракасын эрх баригчид зөвшөөрөөгүй юм. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро дээрх алхмын хариуд улс орноо тус байгууллагаас гаргахаар шийдвэрлэсэн байна. Гэсэн хэдий ч Венесуэль улс дүрмийн дагуу АУБ-аас наад зах нь хоёр жилийн дараа гарах боломжтой юм. 5 дугаар сарын эхээр сөрөг хүчний хяналтанд буй Венесуэлийн парламент тус байгууллагаас үйл явцад саад хийх нь тодорхой болжээ.
О.Барс 

 



 

Холбоотой мэдээ