“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр Сүхбаатар дүүрэгт үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-06-20 16:33:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээг Сүхбаатар дүүргийн хувьд 1-20 дугаар хорооны 40-65 насны 17790 иргэнийг хамруулахаар ажиллаж байна.

Хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамрах зорилтот бүлгийн 40-65 насны иргэд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн байх шаардлагатай бөгөөд тухайн оршин суугаа харьяа хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд хандах боломжтой юм.

Энэхүү үйл ажиллагааны талаарх мэдээлэл, зөвлөмжийг иргэдэд хүргэх зорилгоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлттэй өдөрлөгийг өнөөдөр тус дүүрэгт зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтэд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү нар оролцов.
 
Өдөрлөгийн үеэр ГССҮТ, Улсын Нэгдүгээр болон Гуравдугаар төв эмнэлэг, Байгалийн голомтот өвчин судлалын үндэсний төв, ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ХСҮТ, АШУҮИС-ийн “Эрхэс” клиник болон тус дүүргийн  Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар иргэдэд үзлэг оношилгоо хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгөв.

Ирэх есдүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжлэх хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамарснаар эрсдэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд хэрэв В, С вирус илэрсэн тохиолдолд итгэмжлэгдсэн лабораториудад вирус тоолох шинжилгээнд үнэ төлбөргүй хамрах юм. Мөн эмчилгээ хийх шаардлагатай иргэдийг хөнгөлөлттэй үнээр вирусын эсрэг эмчилгээнд хамруулахаар төлөвлөжээ. Цаашид буюу ирэх 2018 онд 15-39 насны иргэдийг хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд тодорхой үе шаттай хамруулах аж.

Ж.Болор
Холбоотой мэдээ