Ноос, ноолуур, хөөвөр угаах үйлдвэр байгуулах санал тавив

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2017-06-20 16:55:37
Архангай /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Архангай аймагт өнөөдөр ажиллаж байна. Түүнийг ажлын хэсгийнх нь хамт УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Засаг дарга Ц.Мөнхнасан, Засаг даргын орлогч Б.Болормаа, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид нар хүлээж авч уулзлаа. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн аймгийн удирдлагуудаас үйлдвэржилтийн чиглэлээр санал асуухад аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан “Нэн түрүүнд ноос, ноолуур, хөөвөр угаах үйлдвэр хэрэгтэй байна. Манай аймаг 5 сая малтай байна. Тэр дундаа 2 сая гаруй хоньтой, нэг сая гаруй ямаатай, ажиллах хүн хүч нь ч байгаа учраас бүрэн боломжтой" гэдэг саналыг хэллээ. 

Дараа нь яамны харьяа ХХААГ-ын хамт олонтой ажил хэргийн уулзалтыг хийж, салбарын хэмжээнд барьж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн чиглэлээр мэдээлэл өгч, орон нутагт ямар байдалтай хэрэгжиж байгаа талаар яриаг өрнүүлсэн юм.

Архангай аймагт инженерийн хийцтэй 8 шинэ худаг барих, 5 худгийг засварлах, аймгийн сумдын мал эмнэлэг, үржлийн тасаг бүрт нэг ширхэг Япон улсад үлйдвэрлэсэн мотоцикль олгох юм байна. Мөн Батцэнгэл суманд газар тариаланд ашиглах трактор, аймгийн ХХААГ-т нэг фургон автомашин болон компьютер техник хэрэгсэл ирснийг салбарын сайд П.Сэргэлэн гардуулж өгсөн юм.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ