Нэр дэвшигч С.Ганбаатар Хэнтий аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-06-21 12:56:43
Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд "Өөр гарц байна, Бидэнд итгэ" уриатайгаар  МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Хэнтий аймгийн Чингис  хотноо Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон сонгуулийн кампанит ажлынхаа баг бүрэлдэхүүний хамт ажиллаад буцлаа.
Нэр дэвшигчийг Хэнтий аймгийн МАХН-ын Түмтийн дарга С.Ононбаяр тэргүүтэй Хэнтийн гишүүд дэмжигчид нь  Мөрөн сумын нутгаас тосон авсан байна.
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Чингис хотод ирээд ард иргэдтэй хийх уулзалтаа  зүүн бүсийн "Эвт"  худалдааны төвөөс эхэлж, дараа нь Их Эзэн  Чингис хааны талбайд иргэд сонгогчидтой уулзлаа. 
Уулзалтыг Хэнтий аймгийн МАХН-ын Түмтийн дарга С.Ононбаяр нээж хэлсэн үгэндээ “ Одоо Өөр гарц хайцгаая, Бидний дараагийн гарц бол Сайнхүүгийн Ганбаатар юм шүү. Та бүхэн дэмжээрэй” хэмээн уриалсан юм.  Харин нэр дэвшигч С.Ганбаатар уулзалтын үеэр өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, Монгол Улс хөгжихөд ямар зарчим, бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй талаар дэлгэрүүлэн ярьлаа. 
Үүний дараа МАХН-д шинээр элсэн орж буй 300 залуучуудын төлөөлөлд батлах гардуулах үйл ажиллагаа боллоо. Иргэд сонгогчидтой хийх уулзалтын төгсгөлд Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Намбарын Энхбаяр, Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар нар Чингис хотын төв талбайд Монгол Улсын төрийн далбаа болон МАХН-ын билэгдэл бүхий тугийг мандууллаа.
Д.Одонтунгалаг
             
 
 
Холбоотой мэдээ