Онгоцны ослоор амиа алдагсдын цогцсыг таних ажиллагааг Петербургт явуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-02 10:48:28

САНКТ-ПЕТЕРБУРГ. /TASS/. Египетийн Шарм-эш-Шейх хотоос Оросын Санкт-Петербург хотын чиглэлд нисч байсан онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн цогцсыг таних ажиллагааг Санкт-Петербург хотод явуулна. Египетад онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн цогцсыг тээсэн Оросын Онцгой байдлын яамны /ОБЯ/ онгоц Пулково нисэх онгоцны буудалд өнөөдөр өглөө эрт буусан байна.

Санкт-Петербург хотын захиргааны хэвлэлийн албанаас мэдээлснээр, цогцос таних ажиллагааг Шафировск өргөн чөлөөнд оршдог цогцос чандарлах газарт явуулах аж. Онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн төрөл төрөгсдийг энэ газарт автобусаар хүргэх бөгөөд тэдэнтэй ОБЯ-ны сэтгэл судлаачид ажиллана.

Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь Санкт-Петербургийн оршин суугчид боловч онгоцонд мөн Оросын 13 бүс нутгийн оршин суугчид, Украин, Беларусийн иргэд сууж явсан байна. 

Онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн цогцсыг таних ажиллагаанд бэлтгэж дууссан тухай Оросын Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд ням гарагийн орой мэдээлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ