Баруун-Уртын ус цэвэршүүлэх байгууламжийг бүрэн шинэчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-22 13:36:56
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын ус цэвэршүүлэх байгууламжийг шинэчлэх ажил үргэлжилж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн 360 сая төгрөгийн өртөгөөр хийгдэж буй энэхүү ажил нь тус сумын 20 мянган иргэнийг цэвэр усаар хангах томоохон нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Цэвэршүүлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн угсралтын ажил ид үргэлжилж байгаа бөгөөд энэ долоо хоногт багтаж ашиглалтад оруулах юм.

Анх 2010 онд Баруун-Урт суманд ус цэвэршүүлэх байгууламж баригдсан. Хүн амын төвлөрөл, шинэ барилга байгууламж нэмэгдэхийн хирээр тус цэвэршүүлэх байгууламж хүчин чадлаа даахаа больж, мөн чанар стандартын шаардлага хангахгүй болжээ.

“Хуучин цэвэршүүлэх байгууламж цагт 30 тонн ус шахдаг. Дээрээс нь маш их хаягдал ус гардаг байсан. Энэ нь техникийн элэгдэл, үйл ажиллагаатай холбоотой. Энгийн жишээ гэхэд байгууламжийн шүүлтүүрийг долоон жилийн хугацаанд нэг ч удаа солиогүй. Харин энэхүү шинэ байгууламж бол өмнөхөсөө 1,5 дахин илүү хүчин чадалтай, бүрэн автомат учир усны хэрэглээний хэмжээгээр тохируулаад явах боломжтой. Мөн хаягдал ус гарах нь маш бага, усанд байх элементүүдийг өөрөө тохируулдаг. Ус цэвэршүүлэх байгууламж шинэчлэгдэнэ гэдэг бол Сүхбаатар аймагт асуудал болоод байдаг ундны устай холбоотой бүх зүйл үгүй болно гэсэн үг” хэмээн Дөрвөлж ОНӨҮГ-ын дарга О. Дүүрэнбилэг хэллээ.
Аймгийн засаг даргын орлогч Т.Амарбаатар хэлэхдээ “Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлуудаас хэрэгжиж эхлээд байгаа томоохон ажлуудын нэг нь энэхүү цэвэршүүлэх байгууламжийн шинэчлэлийн ажил юм. Үүнийг ашиглалтад оруулаад бид орхихгүй. Шугам сүлжээний шинэчлэл, усны төв цэгийг хамгаалалтад авах зэрэг ажлуудыг цаашид шат дараатайгаар хийнэ. Иргэдээ цэвэр, эрүүл усаар хангана гэдэг маань тэдний эрүүл мэндэд оруулж буй асар том хөрөнгө оруулалт юм. Манай аймагт халдварт болон халдварт бус өвчлөл өндөр байгаагийн нэг шалтгаан бол ундны ус гэж албаныхан үздэг. Тиймээс цэвэршүүлэх байгууламж шинэчлэгдсэнээр энэ үзүүлэлтийг буурна гэж бид харж байгаа...  ” гэлээ.
 
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ