Балашиха хотын оршин суугчийн хүсэлтээр "Кучино" хогийн цэгийг хаах шийдвэр гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2017-06-23 11:22:50
Москва /МОНЦАМЭ/.Өчигдөр болсон Засгийн Газрын хуралдааны үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Балашиха хотын ойролцоох “Кучино” хогийн цэгийг хаах  шийдвэр гаргав.
Энэ сарын 15-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Прямая линия с Путиным” шууд нэвтрүүлэгт оролцож иргэдийнхээ асуултад хариулсан билээ. Шууд нэвтрүүлгийн үеэр Балашиха хотын оршин суугч хогийн цэг томорч ойр хавийн хүмүүс амьдрах аргагүй болж буй тухай гомдол мэдүүлснээр ийнхүү 1964 оноос ажиллаж эхэлсэн томоохон хогийн цэгийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хаахаар шийдвэрлэлээ.
“Кучино” хогийн цэг нь 50 га талбайг хамарсан 20 метр өндөр хогийн цэг бөгөөд жилд Москва муж, Москва хотын 600 мянган тонн хог хаягдал энд цугладаг ажээ.
Москва хотын ойролцоо 39 хогийн цэг ажилладаг байснаас 21 нь хаагдаж, 18 үлдээд байсан юм. Энэ нь хүн ам ихээр суурьшдаг Москва мужийн хувьд маш бага тоо хэмээн мужийн захирагч А.Воробьев мэдэгдсэн юм. Тэрбээр “Кучино” хогийн цэгийг хааж болох хамгийн ойрын хугацааг 2019 он хэмээн Ерөнхийлөгч В.Путинд мэдэгдсэн ч сарын дараа хогийн цэгийг хаасан байх үүрэг өгөв. 
 ОХУ-ын өнцөг булан бүрт оршин суугаа иргэд байгаль орчин, эдийн засаг, нийгэмд тулгамдсан асуудлаа “Прямая линия с Путиным” шууд нэвтрүүлгийн үеэр Ерөнхийлөгчдөө илтгэж, цаг алдалгүй шийдвэрлэж өгөхийг хүсч байсан.Шууд нэвтрүүлэг болсноос хойш долоо хоног өнгөрсөн боловч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин иргэдийнхээ хөндсөн асуудлыг шуурхай шийдвэрлэж байна.
Л.Нандиа
Холбоотой мэдээ