Х.Баттулгыг оффшор дахь мөнгөө төсөвт оруулж ирэхийг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Оффшорын эсрэг бүлгээс өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан энэ үеэр, "Оффшор данстай холбоотой хуульд зааснаар тодорхой албан тушаалтан өөрөө болон гэр бүлийн хүмүүс нь оффшор бүсэд данстай бол үүнийгээ мэдэгдэх ёстой. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга нь энэ тухайгаа СЕХ-нд мэдүүлээгүй гэх яриа байна.
Мөн нэр дэвшигчээс оффшортой холбоотой мэдээллээ няцаахыг бид өмнө нь шаардсан. Шаардлагынхаа хариуг өнөөдөр авахаар албан тоотыг нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн төв штабт хүргүүлсэн. Харамсалтай нь хэн ч өнөөдөр ирсэнгүй. Ерөнхийлөгчийн сонгууль бол хариуцлагатай сонгууль. Ерөнхийлөгч нь Үндэсний аюулгүй байдлын тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Х.Баттулга нэр дэвшигчийн хувьд өөрийнх нь эсрэг ийм ноцтой мэдээлэл дэлгэж байхад өөрийн биеэр ирж чадаагүй нь тун харамсалтай. Намайг оффшор дахь мөнгийг ав хэмээн басамжилсан. Би тэр мөнгийг авахгүй. Х.Баттулга та хөрөнгөө улсын төсөвт оруулж ирэхийг шаардаж байна. Х.Баттулга та оффшор бүсэд байгаа 17 тэрбум төгрөгөө өнөөдөр маргаашийн дотор нэн яаралтай төсөвт оруулж ир.
Оруулж ирж чадахгүй юм бол, мөн эдгээр компаниа хуулийн дагуу хаахгүй юм бол та Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй” гэв.
Б.Туул