Хотынхны дунд сүрьеэгийн тархалт өндөр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 16:23:42

ЭМСЯ-наас хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох үндэсний судалгаа хийж байна. Энэ нь  хоёр дахь удаагийн судалгаа аж.  Хоёр жил дамнах уг судалгааг ДЭМБ-ын мэргэжил, арга зүйгээр Засгийн газар, олон улсын Глобаль сангийн санхүүгийн дэмжлэгээр явуулж байна.

Судалгаанд нийслэлийн 8 дүүргийн 45 хороо, 15 аймгийн төвийн 21 баг, 18 аймгийн 32 сум, нийт 98 нэгжээс 49 мянган хүн хамруулахаар төлөвлөж, одоогийн байдлаар томоохон хот, суурингуудын 78 нэгжид 40 мянган хүн хамраад байна. Судалгааны явцад хотынхны дундах сүрьеэгийн тархалтын байдал өндөр байгаа нь ажиглагджээ.

2014 оны байдлаар сүрьеэ өвчний 4,172 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 12.5 хувийг эзэлжээ. Сүрьеэгээр өвчлөгсдийн 60 гаруй хувь Улаанбаатар хотод, тэр дундаа хүн амын төвлөрөл ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт илүү тархалттай байна. Өвчлөгсдийн 70 хувь нь 16-44 насныхан, өвчний тохиолдлын 60 хувь нь агаараар дамжин халдварладаг уушгины сүрьеэ аж.

 Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд