Ц.Амгаланбаатар нарын шүүх хурал дахин хойшлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Төр,нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийн Хяналтын шатны шүүх хурал 6 дугаар сарын 16-ны өдрийн 09.00 цагт Улсын Дээд Шүүхэд болох байснаа хойшилж энэ сарын 28-нд товлогдсон. Хяналтын шатны шүүх хурал Т.Чимгээгийн өмгөөлөгчийн хүсэлтээр энэ сарын 28-нд буюу өнөөдөр болох байсан ч дахин хойшиллоо. Яллагдагч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг гадаадад эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эмчилгээ дуусаагүй, гадаадаас ирээгүй байгаа гэсэн шалтгаантай хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, хурлыг дахин хойшлууллаа. Шүүх хуралдааны тов хараахан тодорхойгүй байна. С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ялыг анхан шатны шүүхээс оноож тэд ялаа эдэлж байгаа юм.
Ж.Батсайхан