Наранд цохиулахаас сэргийлэхийг зөвлөв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2017-06-29 10:57:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар +30 градусыг давж халах тул хуурайшилт болон наршилтаас сэрэмжтэй байхыг ЭМЯ-наас сэрэмжлүүлж байна.

Эдгээр өдрүүдэд ихэнх нутгаар 3-5 хоног үргэлжлэн 30 градусыг давж халж, хурц нартай байх тул  бага насны хүүхэд болон хууч өвчтэй, жирэмсэн, ахмад настан, зүрх судасны өвчтэй хүмүүс наршилтаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эрүүл мэнддээ анхаарахыг нийт ард иргэдэд зөвлөж байна.

Хэт халуун үед даралт өндөр, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижинтэй хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх, нарны малгай өмсөх, нарны хамгаалалттай шүхэр хэрэглэх, шингэн ус сайн уух, хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байхыг зөвлөлөө.

Наранд цохиулахад бие суларч тамир тэнхээ алдах, толгой эргэж, өвдөх, биеийн халуун нэмэгдэх, цээж багтран амьсгаа цухалдах, царайны өнгө цонхийж цайх, бөөлжис хүрч, дотор муухайрах, хөлс гарах нь багасах /ихсэх/, нүүр чинэрэн улайх зэрэг шинж тэмдэг илрэх аж.

Наршсан хүнд анхны тусламж үзүүлэхдээ сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амраах, бүлээн шингэн уулгах, арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих, иллэг хйиж, цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй. 

Ж.Болор
Холбоотой мэдээ